Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
Өнөөдөр /2018.06.28/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Засгийн газраас энэ оны зургаадугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийн Б.Баттөмөр гишүүн танилцуулсан юм.
Сангийн сайд танилцуулгадаа, УИХ-ын 2018 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэсэн билээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэх үед үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл, суутган татварын хувь, удирдлагын зардал болон бусад асуудлаар УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг судлан үзэж, төслийг дахин боловсруулан танилцуулж байна. Үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл байгуулах зохицуулалтыг уул уурхай, олборлох салбарын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн хувьд хэвээр үлдээж, хуулийн төслийг илүү ойлгомжтой болгох үүднээс тодорхой техникийн засваруудыг хийсэн гэв.
Мөн Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн тухайн өрийн хэрэгслийн хүүгийн орлого, хувьцаа, нэгж эрхийн ногдол ашгийн орлогод 5 хувиар ногдуулах заалтыг олборлох салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжид хамаарахгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ. Татварын хуулийн шинэчлэлийг цогцоор нь хийх, Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулах үүднээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, эдгээр хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлэх шаардлагатай болохыг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа онцлов.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Д.Эрдэнэбат, Х.Болорчулуун, Н.Амарзаяа, Т.Аюурсайхан, Г.Тэмүүлэн нарын гишүүд асуулт асууж, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн асуултад Сангийн сайд болон ажлын хэсэг дэлгэрэнгүй хариулт өгсөн. Үүний дараа төслийн үзэл баримтлалыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад гишүүд 70.2 хувийн саналаар дэмжлээ. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Ингээд хуралдааны төгсгөлд хэд хэдэн хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонссоноор Лхагва гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв
Сэтгүүлч
Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn