Б.Баттөмөр: Ирэх жил 60 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой
УИХ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэж байгаа. Тус асуудлын талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөртэй ярилцлаа.
-Ирэх жил манай улс 50 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөсөн. Ийм хэмжээний нүүрс гаргаж чадах уу?
-Чадна аа, харин ч бага төлөвлөсөн байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 19.6 сая тонн нүүрс гаргасан байна. Үлдэж байгаа хугацаанд 40 сая тонн нүүрс гаргах боломжтой. Тэгэхээр энэ онд 60 сая тонн нүүрс гаргах болов уу гэсэн хүлээлт байна. Эхний дөрвөн сарын байдлаар төсвийн орлого 7.1 их наяд төгрөг болсон. Төсвийн тэнцэл нь 1.1 их наяд төгрөг байна. Их мундаг ажиллаад ийм үр дүнд хүрч байгаа юм биш. Засгийн газар хулгайтай тэмцсэн, Эрдэнэс Тавантолгойд БЭТ томилсон, мөн нүүрсээ биржээр худалдаалдаг болсон. Эдийн засгийн энэ өсөлт нүүрсний л өсөлт. Үүнээс харахад Монгол Улс баялгийнхаа менежментийг зөв л хийвэл хөгжинө. Аливаа улс өөрт нь байгаа давуу чанараараа хөгждөг. Монголын давуу чанар байгалийн баялаг. Гэтэл үүн дээр нэгдсэн бодлого байхгүй өнөөдрийг хүрсэн. Эрдэнэс Тавантолгой дээр жаахан арга хэмжээ авахад л ийм өөрчлөлт гарч байна шүү дээ. Гэхдээ баялгаа нэмүү өртөг шингээж гаргах хэрэгтэй. Энэ чигээр нь ухаад гаргаад байж болохгүй. Ингээд ирвэл гурван сая хүний амьдралыг өөд татахад төвөгтэй асуудал биш.
-Ирэх жил цалин, тэтгэврийн нэмэгдэлд 2.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь хэдэн хувийн нэмэгдэл вэ?
-10 орчим хувиар нэмэгдэнэ. Гэтэл инфляцад идэгдчихсэн байна. Энэ эрчээрээ явбал жилийн эцэст төсвийн орлого 22.5 их наяд төгрөг болно. Харамсалтай нь ирэх жилийн төсвийн орлогыг 22.1 гэж оруулж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс багаар тооцож оруулж ирсэн. Энэ жилийн орлого 2-2.5 их наядаар илүү байна. Инфляц 11.3 хувь байна. Яг ингээд яваад байхаар эдийн засгийн жаахан өсөлт инфляцдаа идэгдээд байна. Цалин нэмж байгаа юм шиг хэрнээ иргэдийнхээ халааснаас инфляцаар дамжуулаад авчихсан. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 34 хувийн инфляцтай байсан гэж тооцсон байналээ. Гэхдээ би үүнтэй санал нэгдэхгүй байгаа. 34 биш бараг 70, 80 хувь хүрсэн. Юмны үнэ яаж нэмэгдэж байна вэ. Хэрвээ 34 хувиараа тооцвол иргэдийн халааснаас гарах ёстой мөнгөн дээр нэмээд 14 их наяд төгрөг гараад явчихсан байна. Энэ 14 их наяд төгрөг хаанаас гарсан бэ гэхээр хуримтлуулсан хэдэн төгрөгөө идэж, өр тавьж, хэрэглээгээ хумьж байна. Ирэх жил яг энэ байдлаараа явбал иргэдийн амьдрал болон улсын хөгжилд дорвитой өөрчлөлт гарахгүй.
-Ирэх жил орлогоо ч, нүүрсний экспортоо ч багаар төсөвлөсөн байна гэж та хэлж байна. Тэгвэл хэдий хэмжээгээр төсөвлөж байж эдийн засгийн өсөлт бодитоор бий болох вэ?
-Энэ жил 21.5 болох боломж байна. Ирэх жил 60 сая тонн нүүрс экспортод гаргаад, далд эдийн засгаа бий болгоод явбал 24,25 их наяд болох боломж бүрэн бий. Хармагтай, Асгат гээд том том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулмаар байна. Гэтэл яах гээд байгаа нь мэдэгдэхгүй дараад л байгаад байна. Монгол Улсын хөгжлийн бодлого нь баялагтаа төр менежмент хийх юм. Төр муу менежер биш сайн менежер гэдгийг Эрдэнэс Тавантолгойн БЭТ Ж.Ганбат харуулж байна шүү дээ. Харамсалтай нь төр албан тушаалд ашиг сонирхол бүхий хулгайч нарыг аваачиж тавьж байна. Төр сайн менежер байхын тулд сайн боловсон хүчнээ тавих ёстой. Үүн дээр алдаа гаргаад байгаа юм. Бага төлөвлөгөө тавиад их хэмжээний ажил хийж байгаа юм шиг хүмүүст харагдадаг энэ арга барил цаашаа явахгүй.
Бүх зүйлийг хувийн хэвшлээр хийлгэнэ гэж байна. Гэтэл хувийн хэвшил ашигтай зүйлд л хөрөнгө оруулдаг. Тухайлбал, Улаанбаатар хотын нийтийн 00-ын асуудал байна. Үүнд хувийн хэвшил хэзээ ч хөрөнгө оруулахгүй. Тиймээс нийтэд үйлчилдэг үйлчилгээ л аль ч улсад төр нь л авч явдаг. Гэтэл Улаанбаатар хотод нийтийн 00 ч шийдээгүй.
-Ирэх жилийн төсвийн алдагдал хэд байхаар тооцсон байна вэ?
-2024 оны төсвийн алдагдал 1.8 их наяд байхаар оруулж ирсэн байналээ. Үүнийг гаднаас зээл авах юм уу ямар нэгэн байдлаар нөхнө. Гаднаас зээл авч төсвийн алдагдлаа нөхнө гэдэг хэзээ ч байж болохгүй. Монгол Улсын нийт өр 33.4 тэрбум ам.доллар болсон. Өрийн эмзэг байдлаараа Монгол Улсын аюулгүй байдал үнэхээр алдагдсан. Тиймээс ухаалаг бодлого явуулах зайлшгүй шаардлагатай байна.
-Төсөвт тодотгол хийгээд цалин тэтгэвэр нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүхэнд олгох гэж байна. Төсвийн давсан орлогоо цалин тэтгэврийн нэмэгдэл болгох шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Цалин, тэтгэвэрээ нэмэх ёстой. Ер нь манай улсын эдийн засгийн бүтэц алдагдчихсан. Нийт зарлагын 80 хувь нь урсгал зардалд явж байна. Цаашдаа урсгал зардлынхаа зардлыг багасгах хэрэгтэй байгаа юм. Тэгж байж бүтээн байгуулалт, томоохон ажлуудыг хийнэ.
-Ярилцсанд баярлалаа.