Монголын хөрөнгийн бирж цахимаар 400 мянган тонн нүүрс арилжаалжээ
Монголын хөрөнгийн бирж “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу нүүрсний цахим арилжааг эхлүүлсэн.
Тус ажлын явцтай танилцах зорилгоор өнөөдөр /2023.03.21/ УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Т.Доржханд, Б.Саранчимэг нарын хамт Монголын хөрөнгийн биржэд ажиллалаа.
Нүүрсний хулгайн асуудлыг таслан зогсоох гол зэвсэг бол олон улсын жишгийн дагуу биржээр арилжаалах явдал байсан. Энэ асуудалд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар соргог ажиллаж өнгөрсөн намрын чуулганаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан нь 2023 оны долдугаар сарын 1-нд хэрэгжиж эхэлнэ. Бирж ажиллаж эхэлтэл нүүрсийг цахимаар арилжаалах түр журмыг Монголын хөрөнгийн бирж хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс нүүрсний цахим арилжааг эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар системд бүртгүүлсэн худалдан авагч компанийн тоо 92 болж, 400 мянган тонн нүүрсийг дуудлага худалдааны зарчмаар цахимаар арилжаалжээ.
Мөн тонн тутмын үнэ 70 ам.доллараас дунджаар 180 ам.долларт хүрч, тээвэрлэлтийн хугацаа 45 хоногоос 3 хоног болж буурсан байна. Уул уурхайн бүтээгдэхүүний бирж ажиллаад эхлэхээр зөвхөн нүүрс биш бусад түүхий эдийг цахимаар арилжаалах боломж нээгдэх юм.