Д.Сумъяабазар: Эрдэнэс Баянбогдын нүүрсний чанар муу учраас угааж гаргахаас өөр аргагүй
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас Эрдэнэс Баянбогд уурхайн талаар тодрууллаа. Эрдэнэс Баянбогд уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулж Улаанбаатар хотын зарим төслийг санхүүжүүлнэ гэж байсан ч нүүрс нь чанар муутай байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
-Эрдэнэс Баянбогд нүүрсний уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийслэлийн төслүүдийг санхүүжүүлнэ гэж байсан. Гэтэл уурхайн нүүрс чанар багатай гэсэн. Тэгэхээр эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байгаа юу?
-Эрдэнэс Баянбогд гэж төсөл дээр технологийн дээжлэлтийн ажлуудыг хийгээд эхний мэдээллүүд ирсэн. Нүүрсний чийгшилт нь 18 хувьтай гэж гарсан байна лээ. Хүхрийн агууламж нь 2.7 хувьтай байна. Гэтэл БНХАУ хүхрийн агууламж нь 1.5-аас дээш нүүрсийг хилээрээ оруулдаггүй. Тэгэхээр нүүрсээ баяжуулахаас өөр арга байхгүй. Хоёрт, чийгшилт өндөр байна гэдэг калорийн хэмжээ бууна гэсэн үг. Тавантолгойн нүүрсний чийгшилт 0.5 хувь, хүхэр 0.8 хувьтай байдаг. Тэгэхээр Эрдэнэс Баянбогдын хүрэн нүүрсийг технологийн дэвшил дээр суурилаад эдийн засгийн эргэлтэд оруулаад Улаанбаатар хотод тулгамдаж байгаа гол асуудлуудыг шийдэх боломжтой болно.
Өнөөдөр Монгол Улсад хамгийн түгээмэл байгаа зүйл хүрэн нүүрс. 141 тэрбум тонн нөөцтэй гэж бүртгэгдсэн байдаг. 2030 оноос өмнө энэ 7, 8 жилийн хугацаанд багтаад эдийн засгийн эргэлтэд оруулбал хотын ихээхэн асуудлыг шийдэж чадна. Гэхдээ энд зайлшгүй технологи хэрэгтэй. Нүүрсээ баяжуулах, угаах гээд зардал мөнгө нэлээд орно.
-Та хэд хэдэн оронд ажилласан. Хөрөнгө оруулагч олдох уу?
-Даацтай хөрөнгө оруулагч нар одоогоор алга байна. Коксжих нүүрс биш учраас зах зээл дээр хэрхэн зарагдах нь ч тодорхойгүй байна. Үүнийг судалж байгаад шийднэ. Цахилгаан станц барина гэсэн байр суурьтай нэг хэсэг байгаа байх. Дан цахилгаан станц бариад Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэхгүй учраас хамгийн сайн хөрөнгө оруулагч нартай энэ асуудлыг ярих ёстой гэж бодож байна. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газар, УИХ шийднэ. Зөвхөн хотын ажил биш. Хоорондын уялдаа холбоог хангаж л Улаанбаатар хотын асуудлыг шийднэ.
-Тэгвэл чанар муутай нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд нүүрсээ боловсруулах уу?
-Энэ төсөл дээрээс нүүрсний шингэрүүлсэн түлш ялгаж авах, нүүрсийг боловсруулах, ашиглах гэсэн хоёр чиглэлийн концевц яриад явж байна. Би үүнийг зөв шийдэл гэж үзэж байгаа. Яагаад гэхээр манай улсад хийн нөөц их байхгүй. Тиймээс хүрэн нүүрсээ боловсруулж, түүнээс газ буюу шингэрүүлсэн түлш гаргаж авч, Улаанбаатар хотынх 200 өрхийн эрчим хүчний асуудлыг давхар шийднэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Хэрвээ ордоо эдийн засгийн эргэлтэд оруулбал эхний ээлжид ямар, ямар төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?
-Төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт тулгамдаад байгаа асуудлыг шийдэж чадахгүй. Тиймээс Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих нэмэлт эх үүсвэр болох хүрэн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар хотын агаар орчны бохирдлыг хамгийн эхэнд шийдэх боломж бүрдэнэ. Хоёрт, түгжрэл, гуравт, орчны тохижилт үйлчилгээ давхар хийгдэнэ. Цаашдаа бодлого нь тодорхой болоод гараад ирэхээр тусгайлсан мэдээлэл өгнө. Энэ бол мега төсөл болж гарч ирж байгаа. Улаанбаатарын хөгжилд оруулах хөрөнгө оруулалт 1-4 тэрбумын хөрөнгө оруулалт яригдана.