2023.04.19

Л.Энх-Амгалан: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчдад очдог халамжийг нэмэгдүүлэх шаардлагатай

Аливаа улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ядуурлаас гарах, ажилгүйдлийг бууруулах, баян хоосны эрс тэс ялгааг арилгахад боловсролын шинэчлэл нэн чухал. Нэг ёсондоо, Боловсролын салбарт тогтолцооны шинэчлэл хийх нь улс орны аюулгүй байдлын нэгээхэн чухал хэсэг юм.

Манай улс нийтдээ 12 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй. Нийт 2-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 36 хувь буюу цэцэрлэгийн насны 430, сургуулийн насны 3817 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсролын үйлчилгээнээс гадуур байдаг. Учир нь байнгын асаргаанд болон хэвтэрт байдагтай холбоотой юм.

Монгол Улсын хэмжээнд 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй 11,835 мянган хүүхэд байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаа, багш, ажилчдын цалин хөлсний хангамж, цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллаж буй төрийн бус байгууллага, эцэг эх, асрах хамгаалагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэд, тэдгээр хүүхдүүдийн сурч боловсрох боломж нөхцөлийг хангах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамруулах гээд шил дараалсан олон асуудлууд шийдлээ хүлээж буй.

Үүний сацуу ялгаварлан гадуурхалтыг арилгах, ингэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах нийтлэг хандлагыг өөрчлөх, тэднийг нэрлэж буй нэршлээсээ эхлээд энэ чиглэлд анхаарах асуудлууд цөөнгүй байгаа нь нууц биш ээ.

Тиймээс, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ялгаатай хэрэгцээ бүхий хүүхдүүдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахын тулд төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатайн дээр УИХ-ын чуулганаар Боловсролын ерөнхий хуулийг яаралтай хэлэлцүүлж, нэн даруй батлах ёстойг сануулсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй 12 мянга орчим хүүхдийн ард 30,000 эцэг эх, асран хамгаалагчид бий. Эдгээр хүмүүст халамжаас 280 гаран мянган төгрөг олгодог. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550 мянган төгрөгт хүргэх тогтолцоонд орж гэмээ нь ахуй амьдралд нь бага ч атугай дэм болно. Нэг ёсондоо эцэг, эх асран хамгаалагчдыг дэмжих бодлого байх ёстой гэх байр суурийг Л.Энх-Амгалан сайд илэрхийллээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, 

Өнгөрсөн хугацаанд хангалттай их хурал хийлээ, хангалттай их зовлон сонслоо, хангалттай их хууль, журам баталлаа. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд гадуурхагдаж, эрх нь зөрчигдсөн хэвээр. Одоо биднээс бодитой алхмууд, бодитой шийдвэрүүдийг иргэд нэхэж, нүдээ чилтэл хараад сууж байгаа гэдгийг ойлгомоор байна. Одоо дахиад ийм лоозогносон олон хурал, ийм олон хэлэлцүүлгээс бид ч залхаж байна, ард түмэн ч залхаж байна. Боловсролын ерөнхий хуулиа батлах асуудал дээр байнгын хорооны дарга нар улс төрийн манлайлал үзүүлж ажиллах ёстой” гэв.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх байгууллагад суурилсан тогтолцоог үйлчилгээнд суурилсан байдлаар шинэчлэх, санхүүжилтийг шийдвэрлэх санал, хувилбарыг боловсруулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамран сургах чиглэлээр 24 эрх зүйн актыг баталж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа бөгөөд Боловсролын ерөнхий хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах чиглэлээр 15 зүйл, 29 заалт тусгаад байгаа юм.

Дашрамд салбар дундын уялдааг хангах үүднээс Боловсрол, шинжлэх ухааны, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн сайдын хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягт шинэчлэн батлах тухай” тушаалаар батлагдсан аргачлалын хэрэгжүүлж байгаа аж.
Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөлөлтэй яамдын хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг сар бүр зохион байгуулж, боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа хүнд болон хүндэвтэр хэлбэрийн мөн хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн цогц үйлчилгээ үзүүлэх хөгжлийн төвийг турших ажлыг эхлүүлэв.