Б.Баттөмөр: Монгол Улс гадаад өрөөр дэлхийд тэргүүлж байна
2023.04.14

Б.Баттөмөр: Монгол Улс гадаад өрөөр дэлхийд тэргүүлж байна

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Тэрээр далд уурхайн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгынхаа талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Оюу толгой төслийн далд уурхайн олборлолт эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсад ногдох үр ашгийн талаар Ерөнхий сайдад 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр асуулга тавьсан. Оюу толгой төсөл 2021 онд 163 000 тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаж, 1.9 тэрбум ам.долларын орлого олсон статистик байгаа.Далд уурхай ашиглалтад орсноор энэ борлуулалт тав дахин нэмэгдэх боломжтой.

Оргил ачааллын үеийг 2028-2036 он хүртэл үргэлжилнэ гэж үзэж буй. Энэ хугацаанд 500 000 тонн зэсийн баяжмалыг үйлдвэрлэж, экспортод гаргана. Энэ үзүүлэлтээр дэлхийд эхний дөрөвт бичигдэх зэсийн том компанийн нэг болж байгаа. Ингэснээр Монгол Улс гадна талд зэсийн том тоглогч болж харагдаж байгаа. Харин үр ашиг ямар байх нь тодорхойгүй байгаа. Ард иргэд мэдээлэл бага байна .

Тиймээс дараах асуултуудад хариулт авахаар хандсан:

  1. Далд уурхайгаас Монгол Улс хэдэн оноос ногдол ашиг авч эхлэх вэ

  2. 2023-2041 онд Монгол Улсын төсөвт ямар хэмжээний орлого орох вэ

  3. Гүний уурхай ашиглалтад орсноор уг уурхайд хэрэглэгдэх усны хэмжээ болон төлбөр тооцоо, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааг танилцуулах

  4. Нэг тонн зэсэд байгаа алтны болон бусад дагалдах элементүүдийн хэмжээ хэд вэ. 2021 оны статистикаар 136 000 тонн зэсийн баяжмал экспортлоод 300 сая долларын алт ялгаж авсан тооцоог Оюу Толгой ХХК-аас мэдэгддэг.

  5. Оюу толгой төсөл лабораторитой. Монгол Улс тусдаа лаборатори байгуулах уу.

  6. Оюу толгойн гаргаж буй алтнаас Монголбанк худалдаж авах боломж байгаа юу.

  7. Монгол Улсын нийт өр 33.4 тэрбум ам.доллар. Үүнээс Засгийн газрын өр 8 тэрбум ам.доллар. Урд хийсэн тооцоогоор 2021 он хүртэл үүссэн 2.3 тэрбум ам.долларыг тэглэсэн. Гэтэл гадаад өрнөөс хасагдаагүй байгаа. Энэ чиглэлээр ямар ажил хийх вэ.

  8. Монгол Улс нэг хүнд ногдох гадаад өрөөрөө дэлхийд тэргүүлж байна. Энэ өрд Оюутолгойн 12.5 тэрбум ам.доллар багтдаг. Энэ өрийг багасгах чиглэлээр ямар яриа хэлэлцээ хийж байгаа вэ. 

  9. Засгийн газрын 2021 оны Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх тухай 103 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилтийн явцын талаар гэсэн есөн асуултыг Ерөнхий сайдад тавилаа.

Асуулгын хариуг аваад УИХ-ын чуулганы хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэх саналыг өгсөн. Нэг сарын дотор хариуг ирүүлэх ёстой.