Н.Энхболд: Холимог тогтолцоог 2012 оноос хойш тууштай явуулсан бол өдийд нийгэм, улстөрчдийн сэтгэлгээ, хандлага өөр болчих байлаа
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Өнөөдөр нийгэмд луйврын сонгууль, мөнгөний сонгууль гэх үг хэвшмэл болчихлоо. Тиймээс мөнгөний сонгууль, луйврын сонгууль явагддаггүй байх хаалтыг энэ хуульд яаж оруулж байна вэ?
-Хүн бүр тийм ч хэвшмэл ойлголттой биш байх. Сонгууль бүрийн дараа аль ч улсад ийм маргаан гардаг. Энэ бол ганц нэгхэн хүчин зүйлээс бус олон хүчин зүйлээс шалтгаалж гардаг зүйл. Хамгийн гол суурь нь сонгууль яаж болж байна гэхээсээ илүү сонгуулийн дараа төр засаг яаж бүрдэж байна гэдэг нь их чухал байгаа юм. Мэдээж үүнд Сонгуулийн хууль чухал нөлөөтэй. Том суурь нь юунд байна гэхээр ардчилсан сонгууль хийж эхэлснээс хойших 30 гаруй жилийн түүхээс харахад тогтолцоонд асуудал байна. Сонгуулийг жижиг тойргоор хийж байгаа нь санал худалдаж авах, их хэмжээний хөрөнгө мөнгө зарахад хүргэж байна. Энэ нь асар их хөрөнгө мөнгө ил, далд шаарддаг тогтолцоо юм байна гэдэг асуудал олон жил яригдаж ирлээ.
Хоёрдугаарт, төрийн бодлогоо яаж гаргах вэ. Улс орны нийгэм, эдийн засгийн асуудлыг яаж шийдэж байх вэ. Орон нутгийн асуудлаа яаж шийддэг байх вэ. Том газар нутагтай ч цөөн хүн амтай манайх шиг улс яавал бүхий л нутаг дэвсгэрийнхээ эрх ашгийг харгалзсан бодлого гаргадаг парламенттай болох вэ. Бүр цаад утгаараа улс орны оршин тогтнохуйн аюулгүй байдлын асуудлуудтай холбоотой сэдэв рүү ордог. Энэ мэтээр олон талаас нь бодож, сонгуулийн тогтолцооны асуудал сонгууль бүрийн дараа хөндөгдөж ирсэн.
Гуравдугаарт, төрийн бодлого нэгдмэл байх тухай асуудал чухал суурь болж яригддаг. Жижиг тойрог руу гишүүд байгаа жаахан хязгаарлагдмал нөөцөө тал тал тийшээ тараасаар байтал олон том асуудал шийдэгдэхгүй явж ирсэн.
Тэр нь ужгирч эдийн засгийн хөгжлийн том асуудлууд, эдийн засгийн аюулгүй байдлын асуудлуудаа шийдэж чадахгүй явж ирлээ гэсэн шүүмжлэл их гардаг. Энэ нь ч бодитой байдаг нь харагдаж байна. Эдгээр олон зүйлээс шалтгаалж, мөн сонгууль бүрийн дараа, сонгуулийн дүн тавьдаг дөрвөн жилийн дараа хөндөгддөг асуудлуудын нэг нь сонгуулийн тогтолцооны асуудал.
Энэ бүхнээс гадна Үндсэн хуулийн Цэцээс гарсан шийдвэр, үндэслэл зэргийг харгалзаж үзээд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулъя гэсэн ойлголцолд улс төрийн намууд хүрсэн. Мөн нийгэм ч алхам алхмаар ойлгож эхэлж байх шиг байна. Энэ суурь дээр сонгуулийн хуулийг боловсруулсан.
Зардалтай холбоотой асуудлыг яривал нэгдүгээрт, жижиг тойрог дээр намын мөрийн хөтөлбөр, том зорилтууд гэхээсээ илүү тухайн орон нутгийн асуудлыг шийдэх үүднээс мөнгө зарж зөвхөн санал авахын төлөө явдаг асуудал ужгирч ирсэн.
Үүнийг халах нэг арга нь гишүүдийн нэг хэсэг нь улсын хэмжээний бодлогыг хэрэгжүүлэх, үлдсэн 50 хувь нь орон нутгийн асуудалдаа илүү анхаарч ажиллах боломжийг бүрдүүлдэг холимог тогтолцоог сонгосон. Зардал, мөнгөний нөлөөг багасгах нь яах аргагүй шийдэх ёстой тулгамдсан асуудлын нэг байсан.
-Нийт гишүүний 50 хувь жагсаалтаар, үлдсэн 50 хувь нь тойргоос сонгогддог байх энэ харьцаа хэр зохистой вэ. Арай их биш үү?
-Бидний өргөн мэдүүлсэн хуулийн төслөөр УИХ-ын 76 гишүүний 38 нь жагсаалтаар, 38 нь тойрогт нэр дэвшиж өрсөлдөхөөр, Ардчилсан намын өргөн барьсан төсөлд 48:28 гэсэн заалт орж ирсэн. Бид урьд нь 28:48 шиг нийт гишүүдийн 1/3 нь жагсаалтаар, 2/3 тойргоос сонгогдох тогтолцоогоор сонгууль явуулж үзсэн.
50:50 санамсаргүй харьцаа биш, олон талын судалгаа хийж байж гарсан. Хөгжлийн том бодлогууд дээрээ хөрөнгө мөнгө, бодлого төвлөрүүлдэг хэсгийг нэмэгдүүлье гэсэн шаардлага байсаар ирсэн. Тиймээс миний хувийн байр суурь УИХ-ын нийт гишүүний 38-ыг жагсаалтаар, үлдсэн 38 гишүүнийг тойргоос сонгодог байх нь тохиромжтой гэж үздэг. Тал талын аргументууд гарч ирнэ, түүнийгээ хэлэлцэж байгаад шийднэ.
Намууд холимог тогтолцоогоор явуулахаар ойлголцсонд олзуурхаж байгаа. Хамгийн гол нь эргэж буцалтгүй энэ тогтолцоог хадгалвал хэрэгтэй гэж бодож байна. 2012 онд энэ тогтолцоог сонгож авахдаа тууштай явчихсан бол өдийд нийгмийн сэтгэлгээ ч, УИХ-ын гишүүдийн сэтгэлгээ, хандлага ч өөр болчихсон байсан гэж боддог. Харамсалтай нь 2016 оны сонгуулиас бараг хэдхэн хоногийн өмнө гэнэт буцаад жижиг тогтолцоо руугаа орчихсон.
Учир нь, нийт сонгогчдын 50 орчим хувийн саналыг авсан хэрнээ УИХ-д 80 орчим хувийн суудал авчихсан байгаа нь, иргэд сонгогчдын дунд эргэлзээ, бухимдал, тогтворгүй байдал үүсгэх нөхцөл болсон. Ялангуяа нэг нам хоёр удаагийн сонгуульд том ялалт авчихаар тийм хандлага ажиглагдаж байна. Энэ бол тогтолцоог харж үзэх нэг том шалтгаан.
Холимог эсвэл пропорциональ тогтолцооны нэг давуу тал нь сонгогч бүрийн санал ямар нэгэн байдлаар УИХ-д тусгалаа олдог. Сонгогч би төлөөлөгчөөрөө дамжуулж төрийн бодлогод оролцоод явах боломж бүрдлээ гэж боддог. Тэр нь асуудалд сэтгэлийн хөдөлгөөн, бухимдлаар хандахаас илүү яаж сонгогдсон төлөөлөгчөөрөө дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх вэ гэдэг улс төрийн соёл, сэтгэлгээний төлөвшил рүү ойртуулдаг.
-Том агуулгаараа төрд итгэх итгэл ч тэр хэрээр нэмэгдэх нь байна шүү дээ?
-Тийм. Ерөөсөө л энэ. Бидний оруулсан хувилбараар нам жагсаалт гаргаж нэр дэвшигчдээ зарлана, иргэд бидний итгэлийг даах хүн байна уу, дааж ирсэн хүн байна уу гэдгийг харна. Жагсаалт дундаас нэг нэр дэвшигчийг сонгож болно. Эсвэл мөрийн хөтөлбөр нь таалагдсан намаа сонгож болно. Энэ саналуудыг нь нэгтгэж байгаад тухайн намд сонгогчдын хэдэн хувь санал өгсөн байна гэдгээр нь суудлын тоог хуваарилна. Урьд нь улс төрд тодорхой орон зайгүй, нийгэмд бага танигдсан нам, эвсэл гурван хувиас доош санал авлаа гэхэд тэр саналыг суудал авахуйц хэмжээний санал цуглуулсан намд тэнцүү хувааж өгнө. Тэгэхээр УИХ-ын суудал хуваарилахад нэг ч хүний санал гээгдэхгүй.
-Энэ хуульд эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлсэн байсан уу?
-Сонгуульд оролцож байгаа тухайн намын нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь заавал аль нэг хүйсийн төлөөлөл байна гэсэн зохицуулалт орж байгаа. Хэрвээ үүнээс бага байвал тухайн намын сонгуульд оролцох хүсэлтийг хүлээж авахгүй.
Энд янз бүрийн байр суурь бий. Хүн амын 51, 52 хувь нь эмэгтэйчүүд байхад оролцоо нь бага байна. Иймд 50 хувь байх ёстой гэж үздэг нь ч бий. 30-аас доошгүй хувь гэдгээр хэд хүртэл ч байж болно гэдгийг заагаад байгаа юм. Тухайлбал , эмэгтэйчүүдийг намуудаас нэр дэвшүүлээд сонгогчдод сонголт өгөх нэг хэрэг. Нийгэм яаж хүлээж авах вэ гэдэг нь нэг өөр. Хэдийгээр сүүлийн сонгуулиудад нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувьд эмэгтэйчүүдийг дэвшүүлж ирсэн ч УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн хувийг харахаар бага байгаа юм. Шалтгаан нь Монголын нийгмийн сэтгэлгээ, зан заншил, бусад олон зүйлтэй холбоотой байх л даа. Ер нь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх алхмыг хуулиар ч зориуд шахаж бий болгодог, иргэдэд ч зөв ойлгуулдаг, эмэгтэйчүүдээ ч бэлддэг энэ бүгдийг зэрэг явуулж байж цаашид алхам алхмаар ахиц гарна.
-Энэ хуулиар сонгуулийн зардал дунджаар хэд орчим болох вэ?
-Сонгуульд зарцуулах мөнгөний дээд хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо тогтоож өгдөг. Тэр тойрогт нэг нэр дэвшигч үүнээс дээш мөнгө зарж болохгүй гэсэн тооцоо гарна. Сонгуулийн зардлыг аль болох бага хэмжээнд тогтоож мөнгөний сонгууль гэдэг үзэгдлээс ангижрах шаардлага байна.
Хууль батлагдсаны дараа тойрог тус бүрээр зардлын дээд хязгаарыг Сонгуулиийн ерөнхий хороо судалгаа тооцооны үндсэн дээр гаргана. Одоогоор энэ тооцоо ирээгүй байна. Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд Сонгуулийн ерөнхий хорооны оролцоо чухал байдаг. Сонгуулийн зохион байгуулалт, хяналт тавих, эцэслэж шийдэх, хөрөнгө мөнгө зардлын асуудал дээр маш чухал оролцоо, үүрэгтэй.
-Зардлыг багасгах чиглэлд ямар зохицуулалтууд орж байгаа вэ?
-Нэр дэвших хүмүүсийн 50 хувь нь тойрог дээр очихгүй гэдэг нь өөрөө зардал багасгахад чухал суурь. Хүн бүр тусдаа гаргасан нийлбэрээс энэ нь хамаагүй бага гардаг. Өмнөх 2012 сонгуулийн туршлагаас харж ярьж байна л даа.
-Нэр дэвшигчид хэвлэл мэдээлэл болон цахимаар явуулах зардалд ямар өөрчлөлт орж байгаа вэ?
-Бүгд багасаж байгаа. Нэр дэвшигч сонгуулийнхаа сурталчилгаанд нэг хэсэг дээр дөрвөн машин хэрэглэж болохоор байсан бол үүнийг хоёр машин болгож бууруулж байна. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл хуудас гурван хуудас байсан бол хоёр болгож байгаа. Ухуулах хуудас нэг хэсэгт 20 байсныг 10-аас илүүгүй байхаар, нэг хэсэг 10 самбар хэрэглэж болох байсныг дүүрэг дээр тав, бусад газруудад гурав гэх мэтчилэн.
-Сонгуулийн үеэр нэг өрхийн хаяг дээр таньж мэдэхгүй хүмүүс бүртгэлтэй болчихсон байдаг. Үүнийг энэ хуулиар хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Сонгуулийг зохион байгуулах, бүртгэхтэй холбоотой нарийвчилсан заалтууд орсон. Жишээ нь, Сонгуулийн хэсгийн хороо өрхийн бүртгэл дээр ямар иргэд бүртгэгдсэнийг шалгахаас гадна иргэн өөрөө сонгууль болохоос өмнөх шалгаж болохоор зохицуулсан. Энд иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлж байна. Хуульд иргэн заавал шалгах үүрэг тусаагүй ч төлөөллөө төрдөө сонгож байгаагийн хувьд хаяг дээрээ байгаа хүмүүсээ шалгачих нь хэрэгтэй. Ийм зохицуулалт өмнө нь хуульд ороогүй байсан. Мөн сонгуулийн хэсэг дээр ажиллаж байгаа хүн хяналт тавина. Энэ заалт орон нутагт хэрэгжих боломжтой шүү дээ. Энхболдынх гэж өрхөд сонгууль өгөх хоёр хүн байхад тав, зургаан хүн бүртгэгдчихсэн байвал тухайн өрхөд мэдэгдэх боломжтой. Энд иргэдэд хандаж хэлэхэд төрийн сонгуулиа хариуцлагатай, маргаангүй явуулахын тулд иргэн бүр өөрийн хэсэг дээр очиж хаяг дээрх бүртгэлээ шалгах хэрэгтэй болж байгаа шүү.
-Гадаадад байгаа монголчуудын сонгуульд идэвхтэй оролцох эрхийг хангах үүднээс сонгууль өгөх хугацааг тэлж байгаа гэж сонссон?
-200 гаруй мянган монгол хүн гадаадад ажиллаж, амьдарч байна гэсэн тоо байдаг. Үүний өмнөх сонгуульд оръё гэж саналаа өгч бүртгүүлсэн 6000 орчим иргэн байсан. Ажил төрлийн зав зай, янз бүрийн байдал нөлөөлсөн байх. Мөн Элчин сайдын яамтай газар ч байна, Элчингүй газар ч байна. Эсвэл Элчин сайдын яамнаас хол амьдардаг иргэд ч байгаа. Мөн сонгууль өгөхөд багагүй цаг зав хэрэгтэй. Тодруулбал, сонгууль болохоос өмнө очиж урьдчилж бүртгүүлээд дараа нь дахин очиж саналаа өгдөг байсан. Тиймээс иргэнийг олон дахин явуулахгүйн тулд энэ хуулиар очиж бүртгүүлээд шууд саналаа өгч болохоор төсөлд туссан.
Гадаадад байгаа иргэдийн саналыг урьдчилж, хоёр хоногийн хугацаанд авдаг байсан. Энэ хуулиар гурван өдөр болгоно. Ер нь холимог тогтолцоо өөрөө гадаадад суугаа иргэд сонгуульд оролцох өргөн боломж олгож байгааг зориуд дурдах хэрэгтэй. Бидний хувьд гадаадад байгаа монголчуудыг эрхээ эдлэх боломжийг илүү нээж өгөхөөр ажиллаж байна.