Н.Учрал: Зөвшөөрөл авахад танил тал шаардлагагүй болно
Засгийн газрын өнөөдөр/2023.03.15/ -ийн хуралдаанаас Төрийн цахим үйлчилгээний зохицуулалттай холбоотой журмыг баталсан байна. Энэ асуудалтай холбогдуулж, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
Сайд Н.Учрал: Авлигатай тэмцэх 5 Ш ажиллагааны хүрээнд шилэн, нээлттэй төр бий болгох үүрэг хүлээж ажиллаж байна.
Хүнээс хамаардаггүй, технологид суурилсан шийдвэр гарч байж төрд нүүрлэсэн авлига хээл хахуулиас хол байна. Хүн байгаа цагт хоорондын харилцаа үүсдэг учраас түүний цаана авлига хээл хахууль нуугддаг гэдэг. Тийм учраас технологид суурьтай шийдлийг бүх шатанд гаргах шаардлага үүсч байна.
Хулгай хийх боломжийг уг үндсээр тасдах шийдэл нь технологи юм. Нүүрсийг цахимаар арилжаалж эхэлснээр тодорхой үр дүн гарч эхэлж байна. Боомтуудын үйл ажиллагааг автоматжуулалтад шилжүүлж, гааль, татварын бүрдүүлэлтийг технологи суурьтай, хүнээс хамааралгүй болгосноор илүү их нээлттэй болж байгаа.
Шилэн ажиллагааны хүрээнд дүрэм журмын түгжээнээс гарах шаардлага бий. Төрийн 1700 зөвшөөрлийг 360 болгосон. Эхний байдлаар 230 зөвшөөрлийг цахим болгоно. Зөвшөөрөл авахад заавал танил талаа ашигладаг байдал үгүй болно гэсэн үг. Зөвшөөрөл хүсч бгаа иргэн И бизнес рүү хандаад зөвшөөрлөө цаг хугацаандаа авдаг технологид суурилсан шийдлийг бий болгоно.
Өнөөдрийн хууль эрх зүйн орчныг эргээд харахад зөвшөөрлийг тоон гарын үсгээр аваад QR уншуулаад шууд онлайн хэлбэрээр иргэндээ ирдэг зөвшөөрөл нь органик хуулиудаа өөрчлөхгүй бол энэ нь өөрөө эрх зүйн хүчин төгөлдөр акт биш болчихож байгаа. Тийм учраас хууль эрх зүйн түгжээнээс гарах шаардлага байгаа. Жишээ татвал, шүүх хуралдааны товыг хойшлуулахад заавал бичгээр хүсэлтээ гаргаж, өөрөө очиж хойшлуулна гэж холбогдох хуульд заасан байдаг, зөвшөөрлийг заавал цаасаар хэвлэхийг органик хууль дээр бичсэн байдаг тул холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, цаасан болон цахим баримт нь адилхан хүчин төгөлдөр үйлчилдэг болгох зайлшгүй шаардлага бий. Тийм учраас 139 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ хаврын чуулганд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулаад Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдсан. Энэ газар нь улсын хэмжээнд 395 киоск нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн 6 цэгт ажиллаж байсан
Нэг цагийн үйлчилгээгээр иргэн үйлчлүүлэхэд нааш, цааш явах шаардлага гарч байсан. Нийгмийн даатгал дээр очихоор халамж дээр оч гэдэг. Халамж дээр очихоор Бүртгэлийн газар руу оч гэдэг. Бүртгэлийн газраас банк дээр очоод тооцоо хийгээд ир гэдэг ч юм уу. Өдөржин Нэг цэгийн үйлчилгээн дээр гүйлгэдэг, ажил болдог. цаг хугацаа алддаг.
Үүнийг операторын горимд шилжүүлэх ажлыг өнгөрсөн хугацаанд хийлээ.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар дээр хэрэгжүүлэх хүн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээний журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас баталсан. Нэг шатлалт үйлчилгээ олон шатлалт үйлчилгээ гэсэн хоёр төрлийн үйлчилгээ байгаа.
Нэг шатлалт үйлчилгээ гэдэг нь 109 нэр төрлийн үйлчилгээг авах боломжтой, тухайн үйлчилгээг авахаар иргэн очход газар дээр нь шийдвэр гаргадаг. Олон шатлалт үйлчилгээ нь заавал хурлаар оруулдаг, бусад зөвшөөрлүүдийг авдаг гэхчлэн тодорхой цаг хугацаа шаардах 539 төрлийн үйлчилгээ үзүүлнэ.
Журмыг нь баталснаар Нэг цэгүүд операторын горимоор буюу иргэнээсээ ямар нэгэн баримт шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлнэ. Өнгөрсөн хугацаанд 82 төрлийн лавлагааг үнэ төлбөргүй олгосон. Яамдаас санал аваад лавлагааг үнэ төлбөргүй болгосон. Өнөөдрийн журмаар лавлагааны загваруудыг баталсан. Үүний үр дүнд иргэн хүрч ирлээ, нэг удаагийн дөрвөн оронтой тоог бүртгэлтэй дугаар луу явуулахад эргээд цаасан бичиг баримт шаардахгүйгээр төрийн үйлчилгээг үзүүлдэг, эргээд шуудангаар хүргэгддэг үйлчилгээ үзүүлдэг болно.
Нийслэлийн зургаан нэг цэгийн үйлчилгээ дээр нэмэгдүүлээд “Монгол шуудан” компанийн 28 салбараар төрийн нэгдсэн үйлчилгээг аутсорсинг хэлбэрээр үзүүлж эхэлнэ. “Монголын цахилгаан холбоо” компанийн дөрвөн салбараар үзүүлж байна. Дээр нь олон нийтийн худалдааны төвүүд хүмүүс үйлчлүүлдэг газрууд дээр Нэг цэгийн киоск, нэг цагийн үйлчилгээний операторууд үйлчилгээ үзүүлнэ. Их дэлгүүрээр үйлчлүүлж байгаа иргэн төрийн үйлчилгээ авах боломжтой.
Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд орон нутгийн иргэн хот заавал орж ирэхгүйгээр хамгийн ойр цэгээсээ шаардлагатай төрийн үйлчилгээг хүлээн авах боломжтой болгоно. Цаашлаад 395 цэгийг энэ ондоо багтааж байгуулна. Ухаалаг утас байхгүй, интернэтийн дата хэрэглээ нь хүрэлцэхгүй байгаа иргэдэд бүрэн хэмжээнд төрийн үйлчилгээ авдаг болно.
Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд 68 мэдээллийг ил болгох үүргээ төр биелүүлж чадахгүй байгаа. Удахгүй хэн хаана газар, уул уурхайн лиценз эзэмшдэг вэ гэдэг мэдээллийг ил тод болгоно.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn