Хүний хөгжил сангаас хүртээх хишгийн хэмжээг хэлэлцэхээр болов
2009.12.30

Хүний хөгжил сангаас хүртээх хишгийн хэмжээг хэлэлцэхээр болов

Хуралдааны эхэнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар дээрх тогтоолын төслүүдийн товч танилцуулгыг хийсний дараа УИХ-ын гишүүд асуулт асуусан юм.


Х.Баделхан: Хүний хөгжил сангаас иргэддээ эхний удаа 120 мянган төгрөг өгөхөөр баталсан. Гэтэл үүнийг улиралд 30 мянган төгрөг болгох хэрэг байна уу. Иргэний шинэчилсэн бүртгэл явуулахыг дэмжиж байгаа ч энэ үйл ажиллагааг гүйцэтгэгч нь хэн байх вэ?

ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар: Хүний хөгжил санд орох 324 тэрбумыг нийт хүн амд хуваахаар нэг хүнд 120 мянга болж байгаа. Нэг дор мөнгийг нь өгч байснаас хэсэгчилэх нь дээр гэж үзсэн. Иргэний шинэчилсэн бүртгэлийн хувьд долдугаар сарын нэгнээс өмнө бэлтгэл ажил хангана. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй байгаа, гэхдээ ИБМУТ хариуцах болов уу.

Ш.Сайхансамбуу: Энэ бол нэлээд маргаан дагуулж буй асуудал. Гэтэл яагаад НББСШУ-ны байнгын хороогоор асуудлыг оруулаагүй юм бэ?

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл:
Асуудлыг яаралтай хэлэлцэх нь зүйтэй хэмээн захирамж гаргасан. Оны өмнө ч өгөх нь зөв гэж бодсон. Нөгөө талаар Байнгын хороодод чиглэл өгөхдөө Төсвийн байнгын хороог асуудлыг хэлэлцэх үндсэн хороо нь гэсэн байгаа. Ер нь ч тийм журамтай. Шаардлагатай бол Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлж болно.

НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Арвин: Бид бас зохих ёсоор лавласан. Төсөвтэй холбоотой тул Төсвийн байнгын хороогоор хэлэлцэнэ гэсэн. Ер нь бол манай хороогоор хэлэлцэх ёстой асуудал гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу: Хэлэлцэх ёстой хороодоор нь хэлэлцээд, баталгаатай хийгээсэй л гэж байна.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл: Чуулган дээр анхны хэлэлцүүлгийн үеэр саналаа хэлээд хэлэлцүүлж болно шүү дээ. Үүний дараа Байнгын хорооны гишүүд санал хураалгаж, дээрх тогтоолын төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Төсвийн байнгын хорооны хуралдааны дараагийн асуудал нь “Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр, шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийн талаар” Сангийн сайдын мэдээллийг сонсож, гишүүд асуулт асуун, санал бодлоо хэлсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.