Халамжид зарцуулж буй мөнгөний тодорхой хэсгийг хөдөлмөр эрхлэхэд шингээх бодлого барина
2022.09.29

Халамжид зарцуулж буй мөнгөний тодорхой хэсгийг хөдөлмөр эрхлэхэд шингээх бодлого барина

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар өнөөдөр /2022.09.27/ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын /МҮХАҮТ/ удирдлага болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын талаар хийсэн судалгааны тайлан болон цар тахлаас үүдэлтэйгээр бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаад буй асуудлуудын талаар Улсын Их Хурлын даргад танилцуулсан.

Бизнес эрхлэгчдийн зүгээс хилийн боомтын болон тээвэр логистикийн асуудлыг шийдэх, хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, татварын дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг илэрхийлж байлаа. Цар тахлын дараа бизнес эрхлэгчдийн 71 хувь нь зээл авах хүсэлтэй, зээл авахаар хандсан боловч 27 хувь нь л зээлээ авч чадсан. Зээлийн олдоц муу, хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй зэргээс хамааран зээл авч чадахгүй байгаа аж. Түүнчлэн эргэлтийн хөрөнгөгүйгээс үйл ажиллагаа нь саатахад хүрсэн тухайгаа тайлбарлалаа.

Хувийн хэвшлийнхэнд тулгамдаад буй дараагийн том асуудал нь ажиллах хүчний хомсдол болоод буй юм байна. Сард 1.5 сая төгрөгийн цалин амлаад ч ажиллах хүн олдохгүй байгаа нь халамжийн хавтгайрсан бодлоготой холбоотой. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай. 2023 оны нэгдсэн төсвийн хэлэлцүүлгийн үеэр хавтгайрсан халамжаа танаж, ажлын байрыг хамгаалахад чиглүүлэх цаг нь болсон хэмээн үзэж байна хэмээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлж байв.

Энэ оны наймдугаар сарын байдлаар улсын төсвийн тэнцэл 889.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь цар тахлын үед татвар, нийгмийн даатгалын шимтгэл, халамжийн шинжтэй арга хэмжээг хэрэгжүүлэхэд нөлөөлсөн гэж хувийн хэвшлийнхэн үзэж байгаа аж.

Улсын Их Хурлын даргын зүгээс дээрх саналуудыг нэгтгэж холбогдох Байнгын хороодын дарга нарт хамтран ажиллаж, асуудлыг шийдэх үүрэг чиглэл өгөхөө мэдэгдлээ. Түүнчлэн уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар халамжид зарцуулж буй мөнгөний тодорхой хэсгийг хөдөлмөр эрхлэхэд шингээх бодлого барина гэдгээ онцлон дурдав.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ч.Ундрам, Б.Энхбаяр болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар байлцлаа

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn