"Улаанбаатар түншлэл-2022" олон улсын үзэсгэлэнд гадаадын 70, дотоодын 30 гаруй компани оролцов
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ./2022-09-22/
Жил бүрийн намар зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн яармагт энэ жил Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Тайван, Оросын Холбооны Улсаас 70 гаруй компани, аж ахуй нэгж, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр логистик, мод бэлтгэл, банк санхүүгийн салбарын бүтээгдэхүүнийг дэлгэн оролцож байна.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө,
"Нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын худалдаа, эдийн засгийн зах зээлийн 70 гаруй хувь нь төвлөрч байгаа. Тиймээс бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид маань олон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ таниулах, экспортлох, олон улсын чанартай бараа бүтээгдэхүүнийг импортлон, хэрэглэгчдэд хүргэх нь зорилготой үзэсгэлэн тул нийслэлийн зүгээс хамтран зохион байгууллаа. Олон улсын үзэсгэлэн, яармагийн гол онцлог бол бизнес эрхлэгчид нэг нэгнээсээ суралцах, хамтран ажиллан, түншлэлийг бий болгож байдаг. Та бүхний хамтын ажиллагаа, түншлэлд амжилт хүсье" гэв.
Үзэсгэлэн худалдааны үеэр тусгайлан зассан уулзалтын цэгт Монгол Улсыг зорин ирж буй гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгож буй юм.
"Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн “Мишээл экспо” төвд есдүгээр сарын 25-ыг дуустал үргэлжилнэ.