Ирэх оны Улсын нэгдсэн төсөв батлагдлаа
2009.11.27

Ирэх оны Улсын нэгдсэн төсөв батлагдлаа

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ирэх оны Улсын ТӨсвийг хэлэлцэж баталлаа.
 Монгол Улсын ирэх оны нэгдсэн төсвийн нийт орлого 2,426.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33.8 хувь, нийт зарлага 2,785.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 38.8 хувь, нийт алдагдал 358.6 тэрбум төгрөг болж ДНБ-ий 5.0 хувьтай тэнцэхээр баталлаа.

Төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд С.Батболд үг хэлснийг толилуулж байна

С.Батболд: 2010 онд Монголчууд бид эдийн засгийн тогтвортой орчинд амьдарч, нийгэм, эдийн засгийн том том зорилтуудыг хэрэгжүүлэх болно

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!
Юуны өмнө Монгол Улсын 2010 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай, Хүний хөгжил сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийг хуулийн хугацаанд нь нухацтай хэлэлцэн баталж өгсөн явдалд талархаж байгаагаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс илэрхийлье.
УИХ-аас баталсан улсын төсөв, хөгжлийн үндсэн чиглэл, мөнгөний бодлого нь Монгол Улсын 2010 оны нийгэм, эдийн засгийн амьдралын дүр төрхийг тодорхойлж өглөө.

Эдийн засаг дахь татварын дарамтыг нэмэгдүүлэхгүй байх, урсгал зарлагыг зохист хэмжээнд барих, төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулахгүй байх, төсвийн нийт тэнцэлийг төрийн мөнгөний бодлогын зорилттой уялдуулан ДНБ-ий 5 хувиас хэтрүүлэхгүй байх зарчим баримталж төсвийг батлууллаа.
Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн нийт орлого батлагдсан дүнгээр 2,426.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 2,785.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 38.8 хувь, нийт алдагдал 358.6 тэрбум төгрөг болж ДНБ-ий 5.0 хувьтай тэнцэхээр байна.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах эхний алхам болох Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаар ашигт малтмалын орлогоос иргэдэд хувь хүртээх боломж нөхцөл бүрдлээ. Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталж, улс төрийн намуудын сонгуулийн амлалтыг 2010 оноос хэрэгжүүлж эхлэх болсон нь ирэх оны төсвийн нэг онцлог юм. Ингэхдээ цаашид төрөөс иргэдэд үзүүлэх нийгмийн шинж чанартай тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг хүний хөгжил сангаас нэгтгэн олгож, нийгмийн халамж, үйлчилгээний шинэчлэл хийх эхлэлийг тавилаа. 

Цаашид нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, давхардлыг арилгах, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд бодитой нөлөө бүхий арга хэмжээг хэрэгжүүлэх, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн тогтолцоог дэмжих, олон чиглэлээр олгогдож байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг нэгтгэх талаар цогц арга хэмжээ авах болно.

2010 онд Монголчууд бид эдийн засгийн тогтвортой орчинд амьдарч, нийгэм, эдийн засгийн том том зорилтуудыг хэрэгжүүлэх болно. 2010 онд эдийн засгийн өсөлт 8%, инфляци нэг оронтой тоонд багтаж, төгрөгийн худалдан авах чадвар тогтвортой байхаар УИХ тодорхойлсон нь нэн чухал өндөр зорилт бөгөөд үүнийг бид заавал биелүүлэх ёстой гэж үзэж байна.

Ирэх онд санхүү, эдийн засгийн хямралт байдал үргэлжлэх хандлагатай байгааг харгалзан Монгол Улсын 2010 оны төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг энэ оныхоос нэмэгдүүлэн тооцсоноороо энэ төсөв онцлог юм. Үүний дүнд бодит эдийн засгийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг бодлогын бусад зорилтуудыг хэрэгжүүлэх бололцоо хангагдана.

Удирдлагын болон үр ашиггүй зардлыг бууруулах, урсгал зардлыг 2009 оны түвшинд барих, төрөөс үзүүлэх нийгмийн үйлчилгээний төсвийг нэмэгдүүлэх чиглэл баримтлав. Цаашид төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэх, төсвийн зарлагын үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг цомхон бүтцээр хүргэх арга хэмжээг Засгийн газар тууштай хэрэгжүүлнэ.

Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох чиглэлээр эрүүл мэндийн салбарыг санхүүжилтийн шинэ тогтолцоонд ирэх оноос шилжүүлэхээр тооцлоо. Үүний дүнд эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагуудад олгох санхүүжилтийг иргэдэд үзүүлэх үйлчилгээний эцсийн үр дүнгээр нь тооцох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Боловсролын үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх, үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах чиглэл баримталлаа.

Малчдын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр тусгасан нь цаашид мал аж ахуйг хөгжүүлэхэд чухал түлхэц болох юм.

Бүсийн тулгуур төвүүд болон эдийн засгийн ач холбогдол бүхий хот суурингийн дэд бүтцийг хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин тэлэх боломжийг бүрдүүлэх, хөдөөгийн хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэх, нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулах бодлого баримталж бүсчилсэн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж төлөвлөлөө.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2010 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг амжилттай баталсан явдал Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын нягт хамтын ажиллагааны үр дүн байсныг эцэст нь тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Монгол Улсын Засгийн газар УИХ-аас баталсан ирэх оны төсвийн тухай хууль, тогтоолыг бүрэн хэрэгжүүлж ажиллах болно.

Анхаарал тавьсанд баярлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.