Төсвийн гүйцэтгэл 98.0 хувьтай байна
Монгол Улсын нэгдсэн төсөвт 2009 оны эхний 8 сард 1,161.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөөс гүйцэтгэлээр 1,137.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, орлогын гүйцэтгэл 98.0 хувьтай буюу төлөвлөснөөс 23.5 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн дүнтэй гарлаа.
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл (тэрбум төгрөг)
Үзүүлэлт | 2009 оны эхний 8 сар | Зөрүү | |
Төлөв | Гүйцэт | ||
Нийт орлого ба тусламжийн дүн | 1161.4 | 1137.9 | -23.5 |
-Татварын орлого | 931.8 | 916.6 | -15.2 |
-Татварын бус орлого | 214.6 | 206.6 | -8.1 |
-Тусламжийн орлого | 11.6 | 12.8 | 1.2 |
Төсвийн орлогын бууралтын 64.7 хувь буюу 15.2 тэрбум төгрөг нь татварын орлогын бууралт, 34.5 хувь буюу 8.1 тэрбум төгрөг нь татварын бус орлогын бууралт эзэлж байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого төлөвлснөөс 23.5 тэрбум төгрөгөөр буурсан бөгөөд үүнд, нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн болох улсын төсвийн орлого 2009 оны эхний 8 сарын байдлаар төлөвлөснөөс 63.2 тэрбум төгрөгөөр буурсан бол Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсвийн орлого 24.0 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн орлого 0.3 тэрбум төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангийн төсвийн орлого 10.3 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөснөөс давсан нь нөлөөлсөн байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүний орлогын гүйцэтгэл (тэрбум төгрөг)
Үзүүлэлт |
Нэгдсэн төсөв | Үүнээс | |||
Улсын төсөвт | Орон нутгийн төсөв | Монгол улсыг хөгжүүлэх сан | Нийгмийн даатгалын сан | ||
Төсвийн орлого | -23.5 | -63.2 | +0.3 | +24.0 | +10.3 |
Дээрх байдлаас үзэхэд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого төлөвлөснөөс 23.5 тэрбум төгрөгөөр буурахад улсын төсвийн орлого төлөвлөснөөс 63.2 тэрбум төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлсэн байна. Улсын төсвийн орлого буурахад дараах гол хүчин зүйлс нөлөөлжээ. Үүнд:
Нэг. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 2009 оны эхний 8 сарын байдлаар (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 995.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 110.7 тэрбум төг буюу 10.0 хувиар буурлаа. Үүнд: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт 13.5 тэрбум төгрөг буюу 2.2 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 98.8 тэрбум төгрөг буюу 26.9 хувиар тус тус буурсан нь нөлөөллөө.
Хоёр. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеийнхээс буурахад 35 хувийн агуулгад шил
жүүлснээр зэсийн баяжмал, цайрын баяжмал, гянтболдын баяжмал, хайлуур жоншны баяжмал, алт зэрэг уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.6-36.4 хувиар багассан нь нөлөөлжээ. Хиам, катодын зэс, тамхи, шохой, самнасан ноолуур, спирт, металл бэлдэц, хивс, бетон зуурмаг, металл цувимал, цул бетон, төмөр бетон эдлэл, молибдений исэл зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.4-89.6 хувиар буурсан нь боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн 26.9 хувийн бууралтад голлон нөлөөлсөн байна.
Гурав. 2009 оны эхний 8 сарын байдлаар дэлхийн 108 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2351.8 сая ам.доллар, үүнээс экспорт 1082.7 сая ам.доллар, импорт 1269.1 сая ам.доллар боллоо. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1428.8 сая ам.доллар буюу 37.8 хувь, үүний дотор экспортын хэмжээ 590.0 сая ам.доллар буюу 35.3 хувь, импортын хэмжээ 838.8 сая ам.доллар буюу 39.8 хувиар тус тус буурчээ. Нийт экспортын хэмжээ буурахад зэсийн баяжмалын үнийн дүн 54.8 хувь, цайрын баяжмалын биет хэмжээ 4.3 хувь, үнийн дүн 43.6 хувь, боловсруулаагүй алтны биет хэмжээ 44.7 хувь, үнийн дүн нь 46.3 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлөв. Нийт импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 838.8 сая ам.доллараар буурсны 214.9 сая ам.доллар буюу 25.6 хувь нь үнийн бууралтаас, 623.9 сая ам.доллар буюу 74.4 хувь нь биет хэмжээний бууралтаас шалтгаалсан байна.
Энэ оны эхний хагас жилд 51121 аж ахуйн нэгж тайлан ирүүлэхээс 41694 аж ахуйн нэгж тайлан ирүүлж тайланг 81.6 хувийн ирцтэй хүлээн авсан бөгөөд тайлан ирүүлсэн нийт аж ахуйн нэгжийн 16957 аж ахуйн нэгж буюу 40.7 хувь нь ажил, үйлчилгээ явуулаагүй “Х” тайлан гаргасан, 7860 аж ахуйн нэгж буюу 18.9 хувь нь алдагдалтай тайлан ирүүлсэн бөгөөд үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгжийн 61.9 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй буюу алдагдалтай тайлан гаргаж ирүүлсэн байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын бууралтад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 16.0 тэрбум төгрөгөөр, импортын барааны НӨАТ-ын орлого 31.4 тэрбум төгрөгөөр, гаалийн албан татварын орлого 11.7 тэрбум төгрөгөөр, бусад татвар 12.3 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь гол нөлөөлжээ.