Аливаа орлого зарлагыг төрд зориулж биш нийгэмд зориулж төлөвлөдөг байхад л төсвийн бодлогын мөн чанар агуулагдах ёстой
2009.11.19

Аливаа орлого зарлагыг төрд зориулж биш нийгэмд зориулж төлөвлөдөг байхад л төсвийн бодлогын мөн чанар агуулагдах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн 2009 оны Улсын төсвийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж хэлсэн үг


Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Эрхэм гишүүд ээ.


УИХ-аар хэлэлцэж байгаа төсөвтэй холбогдуулан товчхон санал хэлье. Жил жилд л УИХ-ын чуулганаар төсвийг хэлэлцэхэд ажил хэрэгч санал гарч, шүүмжлэл өрнөдөг. Тодорхой шийдвэрүүд ч гардаг. Харин хэрэгждэггүй. Энэ ужгирсан дутагдал 2010 онд давтагдах ёсгүй. 2010 он Сангийн сайдын хариуцлагатай мэдэгдэж байгаачлан төсвийн бодлогод “хувьсгал” хийсэн он болох ёстой.

Өнгөрч буй 2009 оны төсвийг батлахдаа УИХ-аас тусгай тогтоол гаргаж Засгийн газарт тодорхой үүрэг өгсөн. Төсвийн зарлагыг бууруул гэсэн. Бууруулсан уу? Бууруулсангүй. Төсвийн шинэтгэл хийх саналаа 2009 оны эхний улиралд УИХ-аар хэлэлцүүл гэсэн. Хэлэлцүүлсэн үү? Хэлэлцүүлсэнгүй. Нийгмийн халамжийн бодлогыг оновчтой болго гэсэн. Болгосонгүй. Төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хий гэсэн. Хийсэнгүй.

Бидний ажил нэг иймэрхүү л байна. Уг нь бодлогын шинжтэй өөрчлөлтийг хийх гэж олонхи цөөнхөө огоорон хамтарч ажиллаж байгаа бишсэн бил үү. Нэг уурхай ашиглах гэрээ хэлэлцээр хийсэн, дэлхийд санхүүгийн хямрал болсон гэдгээр хийж чадаагүй ажлаа хир удаан зөвтгөж явах болж байна даа! Олон жил хийж чадаагүй бодлогын шинжтэй том өөрчлөлт, шинэтгэлийг хийнэ гэж л энэ хамтарсан Засгийн газар ажиллаж байгаа. Бодлогын шинжтэй зүйлд эргэлтийн шинжтэй өөрчлөлт гаргахыг л бодлогын өөрчлөлт, түүхэн шинэтгэл гэж үздэг.

Шулуухан хэлье. Хэрэв төсвийн бодлогодоо Монгол Улс чанарын өөрчлөлт хийж чадахгүй бол ямар ч өөрчлөлт үнэгүй болно. Ямар ч тайлбар, ямар ч хамтын ажиллагаа цаг нөхцөөсөн шинжтэй л болно.

Сум орон нутагт төсөв мөнгө хүрэлцдэггүй, хүмүүсийн амьдрал уруудан доройтсоор байгаа байдал хэзээ өөрчлөгдөх вэ! Монгол Улсын өнөөгийн хамтарсан Засгийн Газар, Их Хурал энэ байдлыг өөрчилж чадахгүй бол хэн энэ байдлыг Монголд өөрчлөх вэ! Өөр ямар Засгийн Газар, Их Хуралд Монголын ард түмэн ийм өөрчлөлтийг хийж чадна гэж итгэж найдах болж байна вэ? Энэ асуултыг Та бид өөрсдөөсөө бас асуух цаг болсон.

Ард түмнийхээ эрх ашгийн төлөө үйлчилдэг иргэдийн төлөөллийн аливаа байгууллагын үндсэн үүрэг бол төсөв батлах, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох, тэдгээрийн хэрэгжилтэд бодит хяналт тавьж чаддаг байхад л байдаг. Манай ард түмний сонголтын утга учир бол нийгмийнхээ бүх ажлыг төр нь хийдэгт биш, харин нийгмээрээ ажил хийлгэдэг байхад л, тийм боломжийг төр нь нийгэмдээ бий болгоход л оршиж байгаа юм.

Аливаа орлого зарлагыг төрд зориулж биш нийгэмд зориулж төлөвлөдөг байхад л төсвийн бодлогын мөн чанар агуулагдах ёстой. Төр тодорхой хугацаанд төсвөө хэлэлцэж баталдаг, бусад үед нь хэрэгжилтэд нь идэвхтэй хяналт хэрэгжүүлэх ёстой. Төр энэ ажилдаа таарсан төсөв зардалтай байх нь зүйн хэрэг.

Бид төсвийн мөнгийг ард түмнээсээ хураан цуглуулдаг. Тэгсэн атлаа тэр мөнгөнийхээ үлэмж хэсгийг ард түмнийхээ тусын тулд биш төрийн тусын тулд зарцуулсаар суугааг энгийн үгээр бол “Төсөвт эзлэх захиргааны зардал их байна” гэж хэлээд байгаа хэрэг шүү дээ. Тэгээд бас төсөв мөнгөний ашиглалт зарцуулалтыг төр бүхэлд нь өөрөө хийгээд ирэхээр л, товчхоноор төр төсөв мөнгөтэй их хутгалдахаар л төсөв тойрсон завхрал гэдэг нь болж байгаа нь тэр.

Нийгэмдээ ажил үүрэг гүйцэтгэх төсвийг нь баталж өгөөд, хяналтыг нь хэрэгжүүлэх дээр л төсвийн бодлогоо зангидвал цаг үеийн шаардлагад нийцнэ. Төсвөө төлөвлөхдөө нийгэмд төрийн гүйцэтгэх ажил үүрэг мөн бишээр нь хуваах нь ард түмний хөрөнгийг оновчтой зарцуулах, мөн засгийг засварлах хамгийн сайн шийдэл. Түүнээс биш зарлага тэгшитгэж хасаад бүтэлтэй үр дүнд хүрэхгүйг төсвийн сүүлийн тодотгол харууллаа. Энэ үүрэг нь төрийн гүйцэтгэх үүрэг мөн үү, биш үү, түүнийг ард түмний татварын мөнгөөр санхүүжүүлэх ёстой юу, үгүй юу гэдэг шүүлтүүрээр төсвийн аливаа зардлыг оруулж цэгнэх нь манай бодлого тодорохойлогчдын үндсэн ажил байх ёстой. Ийм хуультай, ийм зарчимтай болж чадвал төсвийн бодлогод өөрчлөлт гарлаа гэж үзэж болно.

Үүнээс гадна олон жил улиг болтол шийдвэр гаргагчдын дунд яригдсан нэг чухал асуудал бий. Тэр нь орон нутагт төсөв санхүүгийн эрх шилжүүлэх асуудал. Юманд шийдэгдэх цаг хугацаа гэж байдаг бол энэ асуудал шийдэгдэх цаг нь болсоон. Орон нутагт дээрээс өгдөг төсвийн татаасыг нэмэгдүүлснээр тэнд төсвийн эрх өглөө гэж ойлгож болохгүй. Харин төсвийн эрх гэдгийг тухайн орон нутагт нь илүү орлого үлдээх гэж ойлговол үнэнд ойртоно.

Ордонд сууж хуралдахаар төв нутаг бусад нь орон нутаг болдог сэтгэхүй ч өөрчлөгдөх ёстой. Манай орон нутаг гэдэг ойлголт ч ташаа томъёолол. Уг нь үндсэн нутаг юм шүү дээ. Орон нутаг бол үндсэн нутаг. Улсын үндсэн мөнгө ч тэнд эргэлддэг байх ёстой. Хүний үндсэн эрх ч тэнд хэрэгждэг байх ёстой. Хэн ч байсан та бид унасан газар, угаасан устай үндсэн захиргаатай, нутагтай хүмүүс. Түүнээс биш энэ төрийн ордонд төрсөн хүн гэж энэ танхимд байхгүй байх.

Төсвийн үндсэн бодлого бол төрийн байгууллага хэнээс хэдэн төгрөг хурааж, хэдэн төгрөгийг хэнд яаж хувиарлах эрхээр тодорхойлогдох ёсгүй. Харин хэн гэдэг иргэн татварт хэдэн төгрөг аль түвшинд төлснөөр, тухайн иргэнд төрийн аль шатны байгууллага ямар ажил үйлчилгээ хүргэж байгаагаар тодорхойлогдох учиртай. Бүр төр ямар зардалтай, ямар бүтэцтэй байхыг, тэндээс авах үйлчилгээ нь юу байхыг иргэн мэдэх ёстой. Ард түмнээсээ эрх нь үүсэлтэй, ард түмнээсээ орлого нь үүсэлтэй, ард түмний төрийн бодлого ийм л байдаг.

Тодруулж жишээ хэлье. Иргэн “Д” гэдэг хүн нийтдээ жилд 1000 төгрөгний татвар төлдөг гэж бодъё. Сумандаа, эсвэл дүүрэгтээ татварынхаа талыг, 500 төгрөгийг төлдөг. Тийм татвар төлж байгаагийнхаа хувьд өөрийн харъяа сум хорооноосоо авах төрийн үйлчилгээ нь түүнд бас тодорхой байх ёстой. Тухайлбал тэр иргэнд айлд цэвэр, аюулгүй, замтай, зүлэгтэй, гэрэлтэй, халуун хүйтэн устай амьдрах орчинг нь тухайн сум хороо нь бүрдүүлнэ гэсэн үг. Аймагтаа, эсвэл нийслэлдээ 1000 төгрөгнийхөө 300-г төлдөг. Боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээгээ тэндээсээ авдаг. Улсад үлдсэн 200-г төлдөг. Тэр нь тухайн улс арми, гадаад бодлого, төвлөрсөн төр засагтай байхад зориулагддаг.

Нэг үгээр хэлбэл түрүүн сануулснаар иргэн хүн төлсөн мөнгөнийхөө хэмжээгээр ямар зардалтай төртэй байх, ямар үйлчилгээ авахаа өөрөө тодорхойлогч нь байна гэсэн үг. Мэдээж нэмэлт халамж үйлчилгээ, хөрөнгө оруулалт аливаа иргэнд хэрэгтэй, тийм үйлчилгээ ямар ч улс оронд байдаг. Түүнийхээ санхүүжилтийг төр гаалийн, онцгой, аж ахуйн нэгжийн, даатгалын гэх мэт янз бүрийн татвар хураамжаар бүрдүүлдэг. Гэхдээ төр орлогыг ямар ч өнгөөр, нэрээр татсан цаана нь тодорхой хүн, хамт олон л түүнийг төлж байдаг. Ийм ч учраас аливаа төсөв, татвар нийгмийн сайн сайхны төлөө зориулагдах ёстой гэж номонд гардаг.

Ингээд явж явж төсвийн эрх гэдэг бол эрх мэдэлтнүүдийн хөрөнгө мөнгө хуваах шийдвэрт биш харин тодорхой иргэн татвараа хаана төлж, хэнээс ямар үйлчилгээг, ямар үнээр авахаа мэдэхэд л агуулагддаг. Төсвийн шинэтгэл төрийн санд цугласан мөнгө тойрч биш харин тэр цуглах хөрөнгөний хувиарлалт, зарцуулалт, хяналт тойрч хийгдвэл зөв болно.

Хэрэв манай сум бүрийн, дүүрэг, аймаг бүрийн иргэдийн хурал, нийслэлд ч мөн адил, ард иргэдийнхээ шат шатанд төлж цуглуулж бүрдүүлсэн төсвийнхөө тухай, наад зах нь УИХ дээр хэлэлцдэг шиг хэлэлцэж шийдвэрлэдэг бол иргэний эрхийн жинхэнэ хэрэгжилт тэр болно. Нутгийн өөрөө удирдах ёс ч жинхэнээрээ хэрэгжинэ. Ардчилал ч цаасан дээр биш амьдралд хэрэгжиж байгаа нь тэр болно.

Мөнгө цугласан газар шийдвэр гаргахын зовлонг, иргэдийн амьжиргаа, хөгжлийн төлөө шаналанг Монголын засаг захиргааны нэгж бүрт иргэдийн төлөөлөгчид нь амсаж байх ёстой. Түүнээс биш төсөв хэлэлцэж батлах ачааг ганц Их Хурал үүрдэг, ганц Сангийн яам, зөвхөн Засгийн газар л түүний үндэслэл шалтгааныг тайлбарладаг байх юм бол улс орны хөгжлийн тухай яриа, тийм хичээл зүтгэл нийтлэг шинж чанартай байж, бүрэн бүтэн болж чадахгүй нь ойлгомжтой.

Мөнгө хуваах, эрх мэдэл хуваах нь зөвхөн төвд заяасан буян биш. Түүнийг дагаж сайн нэр ч явдаг, муу нэр ч явдаг. Эрхэм гишүүд та бүхэн үүнийг сайн мэднэ. Ачааны хүнд хөнгөн жигд хувиарлагдаж байж л гэмээ нь тэмээн жин урагшилдагтай ижил юм. Ард түмний амьдралд тулгамдаж байгаа асуудал бүрийн төлөө төрийн түшээ бүхэн байгаа суугаа газар бүртээ санаа зовдог, бас тэр зовнилоо ажил хэрэг болгож чаддаг болж байж л манай төрийн ажил үйлчилгээ жигдэрнэ. Ийм дэглэмд шилжихийн тулд юу хийх хэрэгтэй байгааг энэ Их Хурал ч, Засгийн газар ч сайн ойлгож байгаа гэж би бодож байна.

Ямар орлогоор төсвөө бүрдүүлэх, яаж түүнийгээ хувиарлаж зарцуулах зааг ялгаа, хүрээ түвшинг засаг захиргааны нэгжүүдэд зөв бодитой тогтоон хуульчилж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг гол нь хэлэх гэж энэ индэрт өнөөдөр би гарч ирлээ. Албаны үгээр бол ард иргэдийнхээ үндсэн амьдарч байгаа засаг захиргаанд нь төсвийн эрхийг ч өг, татварын эрхийг ч өг. Түүнийгээ захиран зарцуулах эрхийг нь өг гэж хэлээд байгаа юм. Эрхийн төвлөрөл нь эрх мэдлийг биш хүнийг дагаж явах ёстойг л санууллаа. Харин төвөөс эрх зүйн нийтлэг зохицуулалтыг харамгүй хийж өгөх хэрэгтэй.

Ер нь төсөв тойрсон асуудалд иж бүрэн хандахгүй бол болохгүй нь. Засгийн газар төсвийг зохиож хэлэлцүүлсэн болдог, Их Хурал ч хэлэлцдэг, тэгээд цаг хугацаанд шахагдаж баталдаг. Дараа нь тодотгодог. Төсвийн тодотголууд тэгээд голдуу хариуцлагагүй байдлын шагнал болдог. Төсвөө хуульчилж баталдаг. Гэтэл хуульчилж баталсан хариуцлагыг мартдаг. Төсвийн шинэтгэл хийгдвэл төсвийн тодотгол хэмээх хариуцлагагүйн тодотголыг мартах хэрэгтэй. Төсвөө хэтрүүлж зарсан дарга нар төсвөө нөхөж авдаг, төсвөө хэмнэсэн нь хэмнэлтээ хураалгаж торгуулдаг муу зуршлыг ардчилсан орны, төсөв мөнгөний ардчилсан бодлоготой төр үргэлжлүүлмээргүй байгаа юм.

Төсөвт шинэтгэл хэрэгтэйн бас нэг тод үзүүлэлт бол өнөөгийн улс төрчид бидний бэлэн мөнгөний амлалт. Энэ бол нэг талаар сонгуулийн амлалт мэт боловч Монголд төсөв мөнгөний эрх мэдэл хэт төвлөрсний, ерөөс энэ бодлого буруу болсны илрэл. Нэгэнт өгсөн амлалтаа хэрэгжүүлэх гэж зүтгэх нь зөв. Гэхдээ сургамж бас чухал. Улс төрчид замд нь намаг бий болж байгааг харсаар ярьсаар байж л түүнийг бий болгодог. Тэгээд тэр намган дундуураа гарч байж, зарим нь живж байж сургамж авдаг.

Монгол Улс, манай эдийн засаг цаашид өнгөрсөн сонгуулиар өгсөнөөс илүү бэлэн мөнгөний амлалтыг даах чадал ойрын ирээдүйд харагдахгүй байна. Иймээс аливаа сонгуульд нэр дэвшигчид, нэр дэвшүүлэгчдийн аль аль нь сонгогчдод хандаж бэлэн мөнгөний амлалт өгдгийг зохих хууль тогтоомжоор хориглох хэрэгтэй. Авах ёстой сургамжаа авах ёстой цагтаа авч, хийх ёстой дүгнэлтээ хийж, шийдвэрийг цагт нь гаргадаг байх нь улс төрд хутгалдаж, төр түмний төлөө зүтгэж байна гэж өөрсдийгөө боддог хүн бүрт заавал байх ёстой чанар юм.

Энэ төсвийн хэлэлцүүлгээс харахад гишүүдийн мөнгө, тойргийн мөнгө гэсэн зүйл сонсогдохгүй байна. Энэ бол сайшаалтай хэрэг. Төсвийг зохиох, хэлэлцэх, батлах, бас батлуулах үйл явц тойрсон завхрал чинээндээ тулж байсны жишээ бол тэр байсан юм. Түүгээр ч барахгүй Үндсэн хуульт төрийн маань суурь зарчимд асуултын тэмдэг болж дагаж байсан муу зүйл. Төсөв батлах, хэрэгжүүлэх, хянах ардчилсан зарчим, эрх мэдлийг хуваан хяналттай хэрэгжүүлэх Үндсэн хуулийн заалт хэлбэрэлтгүй үргэлжлэх ёстой. Тойргийн мөнгөний яриа төсвийн хэлэлцүүлгийн эхэнд биш сүүлээр гараад ирдэг ч гэм бий. Хэрэв тийм зүйл заалт энэ төсөвт орвол УИХ наад зах нь тийм ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэрээ дахин олны өмнө авч үзэхээс өөр аргагүй болно шүү гэдгийг хэлье.

Азийн орнууд дотроос хямралд хамгийн ихээр өртсөн орныг Монгол Улс гэж ОУВСан нэрлэжээ. Гахайн ханиаданд хамгийн хүндээр нэрвэгдэж байгаа орны нэгэнд ДЭМБайгууллага мөн Монгол Улсыг тооцжээ. Хямрал, энэ уршигт ханиад хоёр дэлхийг цочроож байхад, ялангуяа дэлхийн санхүүгийн хямрал эрчээ авч байхад манай төрийн зарим хүндтэй байгууллагууд, албан тушаалтнууд ямар дүгнэлт хийж байсныгаа эргээд одоо санахад эрхбиш санаа нь зовдог байх гэж бодож байна. “Хямралд Монгол өртөхгүй, бага өртөнө, хямрал Монголыг тойрно” гэсэн албан мэдэгдлүүдийг би хэлж байна.

Энэ хямрал, өвчин зовлон бол Монголчуудыг дэлхийн бусад хүн төрөлтөнтэй адил зовлон жаргалтай, тэдний л адил дэлхийд, бүс нутагт нь болж байгаа сайн муу зүйлд нэрвэгддэг хүмүүс гэдгийг харуулаад зогсоогүй аливаа асуудлаархи манай албаны дүгнэлт, бодит байдал хоёр хир зөрдөгийг сануулсан гашуун анхааруулга юм. Бүр түгшүүрт байдал, хямрал Монголд илүү хүндэрч өрнөж байгааг харцгаа. Хүнд хэцүү сорилтуудыг давах манай нийгэм, эдийн засгийн дархлаа сул, түүнийг сөрж бодитой арга хэмжээ авах манай төр засгийн чадавхи сул байна. Энэ байдалдаа нухацтай дүгнэлт хийж, сайжруул, өөрчил гэдгийг дээрхи үйл явцууд сануулаад байна. Үүнийг хэлэлцэж шийддэг байгууллага нь Монголд, энэ хүндтэй танхимд байж байна.

Аль ч улс орон, төр засагт иргэдийнх нь эрүүл мэнд, аюулгүй байдал, эрхэм нандин зүйлд тооцогддог. Эрүүл мэндийн салбар түүний дотроос эмч ажиллагсдын байдал, төрөх, халдварт өвчин тойрсон асуудалд чиглэсэн төсвийн хувиарлалтад онцгой анхаарал хандуулахыг эрхэм гишүүдээс хүсье. Зарим нэг асуудлыг дараа жил, төсвийн шинэтгэл хийтэл гэж хойш тавьж болно. Харин энэ асуудалд дараа жил гэж байхгүй шүү.

Дараа жил гэснээс манай Засгийн газарт, Сангийн яаманд төсвөө сайжруулах гэхээр дандаа 1 жил дутдаг. УИХ ч үүнийг нь тэвчдэг. Дахин давтахад төсвийн хариуцлагагүй байдалд цэг тавих ёстой. Гарч буй 2010 оноос цааш дахиад “дараа” гэсэн асуудал байхгүй. Сангийн яам, Засгийн газар төсөвт хийхээр амалсан “хувьсгалаа” ирэх онд багтааж заавал хийгээрэй. Их Хурал ч удаа дараа өгсөн үүрэг даалгавраа давтаад суугаад байхгүй байх.

Төсвийн хэлэлцүүлэгтэй холбоотой зайлшгүй хэлэх өөр нэг санаа бол төсвийн алдагдлын байдал юм. Төсөв алдагдалтай байна гэдэг бол төр хариуцлага муутай ажиллаж байна л гэсэн үг. Төсвийн алдагдал гэдэг нь буурай орны хувьд үл итгэлцэл, муу нэрийг дагуулж, улс орны хөгжлийг хойш чангаадаг. 2007, 2008 онд бий болсон, түүнээс өмнө ч бий болсон нөөцийг 2009 оны төсөв маань шавхаж орхилоо. 2010 онд гадаадын тусламжид найдаж байх шиг байна. Харин 2011 оны төсвийн хувьд гадаадын тусламж ч үгүй болж мэдэх нь. Учир нь төсөвт хийх ёстой шинэтгэлийг хийхгүй байгаагаас. Төсвийн алдагдлыг өр тавьж нөхөх бол ирээдүйгүй зам. Дараачийн үедээ хариуцлагагүйн төлбөрөө өнөөдрийн ажил хариуцаж байгаа эрх мэдэлтнүүд, өнөө үеийнхэнд үүрүүлж байна гэсэн үг.

Төсөв дэх захиргааны зардлыг хасах тухай бодитой санал, яриа, шүүмжлэлүүд ажил хэрэг бололгүй олон жил боллоо. Сүүлийн жилүүдэд, бүр хямралын жилд ч энэ зардал хасагдахгүй харин нэмэгдээд байгаа нь яав ч эрүүл үзэгдэл биш. Монгол Улсыг төсөвтөө эзлэх захиргааны зардлаараа манай оронтой хөгжлийн түвшингээр ойролцоо, гэхдээ тийм зардлаа хямгадаж чадсан зарим орны дундажтай харьцуулахад 1,2 хувь биш, 10, 20 хувь биш 100 гаруй хувиар, 2 дахинаар илүү захиргааны үрэлгэн зардалтай байгаа юм.

Манай багш эмч нарын авч байгаа цалин, ахмадуудын тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэмж, хүүхдийн мөнгөний хэмжээ өсөлгүй 2007 онтой цуг царцаад гуравдахь жилийнхээ төсвийг үзэж байна. Гэтэл сүүлийн гурван жил амьдрал яаж хүндэрсэн, зардал, үнэ яаж өссөнийг хүн бүр мэдэж л байгаа. Үнэхээр ард иргэдийнхээ амьдрал ахуйг бодож, төрийн хэтэрсэн төвлөрөл, зардлыг зохицуулж, төсвийн шинэтгэлийг яаралтай, тууштай, зөв хийхгүй бол Монгол Улсыг төсөв санхүүгийн хариуцлагагүй бодлого нь дампуурлын ирмэг рүү түлхэж байгааг анхааруулъя. Хойтон жил улсын төсөв ийм хариуцлагагүй байдлаар Улсын Их Хурлын босгыг давахгүй гэж бодож байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.