Г.Дамдинням: Шөнө Дарханы замаар амьд ирдэгтээ баярладаг. Л.Халтар огцрох хэрэгтэй
Дарханы зам тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.
-Л.ХАЛТАР САЙД “БИ ӨМНӨХ ХҮМҮҮСЭЭ ШАЛГУУЛМААРГҮЙ БАЙНА. ХАМТРАГЧДАДАА ЖУДАГТАЙ ХАНДМААР БАЙНА” ГЭДЭГ-
-ҮХЦ-ийн дуулианы хажуугаар АТГ Дарханы замын асуудлаар ЗТХЯ-нд нэгжлэг явуулчихлаа. Өчигдөр шөнө хоёр баривчилгаа хийсэн гэсэн мэдээлэл байна. Шалгалтуудад үр дүн гарч байгаа нь энэ юм уу, нөхцөл байдал яг ямар шатанд яваа юм бэ?
-Дарханы зам ганцхан аймгийн асуудал биш. Энэ бол Монголын эдийн засагт чухал нөлөөтэй гол замуудын нэг. Ялангуяа хойд бүсийн зургаан аймаг, 600 гаруй мянган иргэдийн өдөр тутмын ажил амьдралтай нягт холбоотой зам. Одоогийн байдлаар хууль хяналтын байгууллагын шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. УИХ-ын гишүүн болсон цагаасаа хойш хөөцөлдөж байна. Л.Халтар сайдыг томилогдсон өдрөөс нь эхлээд “Хууль хяналтын байгууллагад тендерүүдийг нь шалгуул” гэж шаардаж явсан. Ажлын хэсгийн даргын хувиар ч, хувь гишүүний хувиар ч, УИХ-ын чуулганы индэр дээрээс ч, албан бичгээр ч маш олон удаа шахсан. Ерөөсөө хөдөлдөггүй.
-Хариулт нь?
-“Би өмнөх хүмүүсээ шалгуулмааргүй байна. Хамтрагчдадаа жудагтай хандмаар байна” гэдэг. Нэг хүний жудгаас илүүтэй ард түмний зовлон жаргал гэж юу байх вэ дээ. Үүнийг шалгуулах ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ замд онцгой анхаарал хандуулж, өөрийн биеэр очсон. Улмаар мордохын хазгай болсон худалдан авах ажиллагааг шалга гэдэг үүргийг өгөөд байгаа. Энэ зам дээр нийт 12 тендерийн ажиллагаа явагдсан байдаг. Бүгдэд нь шалгалт шүүлэг орох байх. Шалгалтын ажиллагаа ид өрнөж байна.
-Замын гүйцэтгэлийн явц өнөөдрийн байдлаар хэр байгаа юм бэ. Мэдээлэл байвал хуваалцаач?
-Нийт арван багц ажил. Азийн хөгжлийн банкны таван багцаас нэгдүгээр багц нь 94, хоёрдугаар багц 62.36, гуравдугаар багц 97.5, дөрөвдүгээр багц 35, тавдугаар багц 95 хувийн гүйцэтгэлтэй тус тус явж байна.
Харин Европын сэргээн босголтын банкны:
Нэгдүгээр багц 65 хувийн гүйцэтгэлтэй, хоцрогдол 12 хувьтай
Хоёрдугаар багц 30.45 хувийн гүйцэтгэлтэй, хоцрогдол 32 хувьтай
Гуравдугаар багц 25 хувийн гүйцэтгэлтэй, хоцрогдол 39 хувьтай
Дөрөвдүгээр багц 28.47 хувийн гүйцэтгэлтэй, хоцрогдол 31 хувьтай
Тавдугар багц 45.3 хувийн гүйцэтгэлтэй, хоцрогдол 27 хувьтай явж байна.
Ийм яс мэлхийний хурдтай байж, барилгын дулааны улиралд ажил хийхгүй байна. Бухимдахаас өөр арга алга. Маш олон хүн энэ зам дээр амь насаа алдаж, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирлоо.
-ЗТХЯ-НЫХАНТАЙ ХАРИУЦЛАГА ЯРИХ ХЭРЭГТЭЙ-
-ЗТХЯ-нд АТГ шалгалт, нэгжлэх хийх үеэр ҮХЦ-ийн дуулианыг дарах гэсэн оролдлого гэгдсэн шүү дээ?
-Ний нуугүй хэлэхэд тэр тухай би мэдээгүй байна. Ажлууд өөр өөрсдийнхөөрөө өрнөсөн байх. Юм болгоныг хольж хутгаж ойлгох хэрэггүй байх.
-Саяхан гэхэд хоёр хүнийг саатуулчихлаа?
-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээс харлаа. Хууль хяналтын байгууллага зохих шалгалтаа хийж л байгаа байх.
-Яг шалгагдаж байгаа хүмүүсийн мэдээлэл одоо хүртэл барим тавим тодорхой бус. Одоогоор хэчнээн хүн шалгагдаж байгаа юм бэ. Та бодитой мэдээлэл хэр цуглуулж чадаж байна вэ?
-Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох нь зохимжгүй. Байгууллагууд өөрсдөө мэдээллээ хийх байх. Нэг зүйлийг өөрт чинь тодорхой хэлэхэд Азийн хөгжлийн банкны хоёр, дөрөвдүгээр багц буюу одоо бүтэлгүйтчихээд байгаа хоёр багцад шалгарсан компанид итгэхгүй байна. Тиймээс тендерийн баталгаагаа өсгөөч гэдэг анхааруулгыг ЗТХЯ-нд өгч байсан. Энэ анхааруулгыг хүлээж авахгүйгээр шууд гэрээ байгуулсан дүр зураг харагддаг. Шалгалтын явцад аяндаа тодроод гараад ирнэ байх.
-Тендер авсан компаниуд, өгсөн хүмүүсийг шалгаж байгаа л гэдэг. Тендер лүү нь хэр өнгийж үзэв. Хуудуутай зүйлс хэр байх шиг байна вэ?
-Хэн тэрийг шалгаруулсан юм бэ. ЗТХЯ л шалгаруулсан шүү дээ. Тиймээс тэр хүмүүстэй л хариуцлага ярих хэрэгтэй. Монголын төрийг төлөөлж тендер шалгаруулагч нь ч ЗТХЯ. Би гэлтгүй бүгд л тендер лүү нь харж байгаа. Ялангуяа жил нь урагшлахгүй байгаа хоёр, дөрөвдүгээр багцыг авсан БНХАУ-ын компанийн тухай жил гаруйн өмнө Элчин сайдад нь мэдээлж байсан. “Танай энэ компани манай ажлыг хийхгүй байна.
Олон улсын зам дээр харилцааны асуудал болох вий дээ” гэж хэлсэн. Тэгэхэд Элчин сайд ний нуугүй л “Манай компани муу байгаа нь үнэн. Нэг ч тоног төхөөрөмжгүй, ажлын туршлагагүй, санхүүгийн чадамжгүй байна. Гэхдээ энэ компанийг сонгон шалгаруулаад ажил даалгасан танай ЗТХЯ-нд бас асуудал байна” гэсэн. Үнэн шүү дээ. Хэн шалгаруулсан юм бэ.
-ШАЛГАЛТЫН ЯВЦАД БУРУУ ЗӨВ НЬ ТОДРОХ БАЙЛГҮЙ ДЭЭ. ДАРХАНЫ ЗАМЫН БУРУУТАН-
-12 удаагийн тендер шалгаруулалтад хэчнээн дарга оролцсон гэдгээр нь сэжим гаргаж байв уу?
-Долоо нь Л.Халтар, тав нь өмнөх сайдын үед зарлагдсан тендерүүд. ЗТХЯ-нд нэг л үнэлгээний хороо байдаг юм. Хууль хяналтын байгууллага нь шалгаж байгаа биз ээ.
-Дарханы замыг хуулж хаясан хүнийг Б.Энх-Амгаланг гэж нийгэм чичлэх хандлагатай байдаг шүү дээ. Тэр яг гол буруутан нь мөн юм уу?
-Буруу зөвийг нь дэнслэх хүмүүс нь шүүх байх. Шалгалтын явцад гараад ирэх байлгүй дээ. Бичиг цаасыг нь харахад хуудуутай асуудлууд харагддаг.
-Л.Халтар сайд хэр ажил урагшлуулж байх шиг байна?
-Би орж ирсэн цагаасаа л “Сэтгэл хаггалуун биш байна” гэж хэлсэн. Ийм менежментээр бол ажил явахгүй. Дуусахгүй.
-Ямар ч байсан сэтгэлд тань Л.Халтар сайд хүрсэнгүй юу?
-Миний гэхээсээ илүү олон нийтийн сэтгэлд хүрэхгүй байна шүү дээ. Чи яваад үз л дээ, тэр замаар. Ажил бужигнаад л, дуусаад байсан юм алга. Би өөрийнхөө тойрог дахь зам, дэд бүцийг анхаараад дуусгая гэж бодож байна. Манай Дархан-Уул аймагт энэ жил 80 гаруй км зам тавигдаж байна. Хамгийн том нь Дархан-Шарын голын зам. 30 гаруй км-ийг нь өнгөрсөн онд эхлүүлээд одоо дуусаж байна. Хонгор-Салхитын зам бий. Ажил хийгээд дуусгаад болж л байна шүү дээ. Хэн ч зовлон тоочихгүй л байна. “Ковид-19”-ийн цар тахал, хилийн хориг гэж бултаад л. Азийн хөгжлийн банкны 1,3,5-р багцууд яагаад түрүүлээд дуусчихдаг юм бэ. Бултаж, зугтах байр суурьтай хүмүүс ажил хийдэггүй юм байна.
-НАМАЙГ ПОПОРДОГ, ДООДОРДОГ, ЛОЙДОР ЮУ Ч ГЭЖ ДУУДСАН ЯАХАВ-
-Ойрд Дарханы замаар зорчив уу, хэр давтамжтай очдог вэ?
-Байнга л явдаг. Миний сонгогдсон тойрог, ээж минь тэнд амьдардаг. Ард иргэдтэйгээ ижилхэн хэлэх бүх муу үгээ дуусгаад л ирж, очдог. Харанхуй шөнө явбал амьд ирсэндээ баярладаг. Үнэхээр бэрхшээлтэй байна. Арай дэндүү байна шүү дээ. Хүмүүсийн дунд ямар яриа гарсан байна гээч. “Дарханы замын ажил эхэлж байхад төрсөн хүүхдүүд сургуульд орох гэж байна” гэж. Үнэн шүү дээ. Арай хэтэрч байгаа байхгүй юу.
-Таныг Дарханы замаар попорлоо. Олон нийтэд таалагдах сэдэв барьж авч, дараагийн сонгуулийн нүхээ малтаж байна гэж шүүмжилдэг шүү дээ?
-Намайг юу ч гэж дуудсан яах вэ дээ. Попордог ч байна уу, доодордог ч байна уу, лойдор болдог ч байна уу хамаагүй. Ямар ч байсан энэ бол ард иргэдийн хүсэлт. Намайг Дарханд 2020 оны зургаадугаар сард нэр дэвшээд явж байхад анх өгсөн хүсэлт нь энэ. “Дархан төмөрлөгийн үйлдвэрийг төрдөө аваач, Дарханы замыг дуусгаад өгөөч” гэдэг хоёр том хүсэлт тавьсан. Үүнийг л дуусгах ёстой. Тэрнээс биш намайг топ гэнэ үү, поп гэнэ үү хамаагүй.
-Хэдэн онд ашиглалтад орох юм шиг байна. Танд барагцаа бий юу?
-Яг ний нуугүй хэлэх үү. ЗТХЯ-ныхны хэлж байгаа тоонд би итгэдэггүй гэж үргэлж хэлдэг. Үргэлж л миний хэлснээр болж байгаа. Тэдэн сарын тэдэнд дуусгана л гэдэг. Худлаа шүү дээ. Баруунхараа, Баянчандмань зэрэг сумуудыг дайрсан замыг улсын баяр наадмаар дуусгана гэсэн. Одоо хүртэл дуусаагүй л байна шүү дээ. Дуусахгүй, худлаа ярьж байна гэж би хэлсэн. Одоо ганцхан сарын дараа барилгын улирал дууслаа. Хөрсөн дээр 5 хэм хүйтрээд ирвэл ямар ч ажил явахгүй шүү дээ. Энэ жилдээ багтаж нэг урсгалыг нээнэ л гээд байгаа. Худлаа яриад байгаа байхгүй юу, үнэнээ хэлэх хэрэгтэй.
-Шалгалтад ч, ажлын явцад ч үр дүн гарахгүй бол яая гэж бодож сууна?
-Сайдыг нь солих хэрэгтэй. Ковид, хилийн хориг нөлөөлж байгаа байх. Гэхдээ энэ асуудлуудыг зохицуулаад менежмент хийгээд дуусгачихсан газрууд байна шүү дээ.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа?