Халдвар авагсдын тоо 736 хүрлээ
11 дүгээр сарын 2-ны өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 608, хөдөө орон нутагт 128, нийт 736 байна.
Архангай аймагт шинээр 8 тохиолдол бүртгэгдсэнээр нийт 14 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгдээд байна. Дорнод 11, Сэлэнгэ 11, Өвөрхангай 12, Дархан-Уул 16, Төв 10, Говьсүмбэр 7, Хэнтий 3, Хөвсгөл 1, Булган 4, Орхон 12, Ховд 19 аймагт тохиолдол тус бүртгэгдсэн нь өмнөх өдрийн түвшинд байна. Дорноговь, Өмнөговь аймгуудад тус бүр 1 тохиолдол нэмэгдсэнээр Дорноговь аймагт 12, Өмнөговь аймагт 2 тохиолдол болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвд 76 хүн эмчлэгдэж байгаагийн 53 нь онош батлагдсан, 23 нь шинжилгээний хариу хүлээж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мөн өдрийн 9 цагийн байдлаарх мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд амбулаторийн 4978 үзлэг хийгдсэний 1946 нь буюу 39,3 хувь томуу, томуу төст өвчний үзлэг байна.