Өнөөдрөөс цэцэрлэгүүд амарна
Нийслэлийн нутаг дэвсгэрт Олон улсын дүрмээр зохицуулагдах халдварт өвчин болох А хүрээний H1N1 вирусээр үүсгэгдсэн халдварт өвчний тархалт нэмэгдэж, цэцэрлэгийн хүүхдийн ирцийн байдалд хийсэн судалгааны дүн болон Нийслэлийн Онцгой комиссын хурлын тэмдэглэлийг үндэслэн цэцэрлэгийн үйл ажиллагааг 2009 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс түр хугацаагаар зогсоох тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, төрийн болон хувийн өмчийн боловсролын байгууллага, Автотехникийн шалган бүртгэх товчоодод ариутгал халдваргүйтлийн ажлыг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн газар, Автозамын газар, Мэргэжлийн хяналтын газар болон дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгов.
Энэ өдрүүдэд бага, дунд насны хүүхдийн насны онцлогт тохируулан тэдэнд зориулсан нэвтрүүлэг, эцэг эхчүүдэд өвчний халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгөх цагийг нэмэгдүүлэх саналыг телевизүүдийн удирдлагуудад уламжиллаа.