УИХ томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдварын талаар яаралтай хэлэлцлээ
2009.10.31

УИХ томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдварын талаар яаралтай хэлэлцлээ

Томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдварын оношлогоо, эмчилгээнд хэрэглэх урвалж, оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, ариутгалын бодисыг импортоор оруулахад Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж УИХ-ын Төсвийн Байнгын хороо санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр үдээс хойш оруулсан юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас томуугийн шинэ халдварыг удаан хугацаанд үргэлжлэн тархах магадлалтайг мэдээлснээс гадна энэ өвчлөл цаашид манай орны олон аймаг, сумдыг хамарч, хурдацтайгаар тархаж буйг харгалзан Засгийн газар ийм арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн билээ.
Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 16 цагийн орчим болж, дээрх асуудлыг яаравчлан хэлэлцлээ.

Эхлээд Р.Амаржаргал гишүүн горимын санал гаргасан бөгөөд татвараас чөлөөлөхтэй холбоотой оруулж ирсэн асуудлыг нь Их хурлаар түрүүлж хэлэлцвэл ямар вэ. Харин Эрүүл мэндийн сайдаас асуух, тодрууулах зүйлээ Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа болвол яасан юм гэлээ.
Татвараас чөлөөлөх тухай дээрх хуулиудын төслийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д. Хаянхярваа уншиж танилцууллаа.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Р.Амаржаргал гишүүний горимын саналыг дэмжин, гишүүд мөн өөрсдийн санал бодлоо энэ үеэр хэлж, Эрүүл мэндийн сайдад асуулт тавьсан.

Л.Гантөмөр гишүүн хэлэхдээ, энэ ханиадаар иргэд магадгүй толгой дараалан удаан хугацаанд өвдөх нь ээ. Учир нь одоо өвөл эхэлж байна, тэгээд бас утаа дээр нь нэмэгдэнэ. Тэгэхээр өвчлөлийн байдлыг хараад, эмзэг бүлгийн ядуу дорой хүмүүсээ витаминжуулвал ямар вэ. Ханиад, томууны эмийг татваргүй оруулахыг дэмжиж байна. Уушигны суурь өвчтэй хүмүүсийн дархлааг сайжруулах, нийт иргэдийн уушигны өвчний эсрэг дархлааг сайжруулахад анхаарах хэрэгтэй хэмээсэн юм. Тэрээр цааш нь, шинээр томилогдсон Ерөнхий сайд ядуу иргэдийг хооллох, ундлах талаар тодорхой санаачлага гаргаж байсан хүн. Тэгэхээр иймэрхүү ажил мэдээж түүнд ойрхон байгаа байх. Нийтийг төдийгүй ядуу иргэдийг витаминжуулах нь зайлшгүй хэрэгтэй, урьдчилан сэргийлэх ажил хамгийн чухал гэж байлаа.

УИХ-ын гишүүн Х.Баделхан, баруун аймагт ч уг өвчин гарч байх шиг байна. Хөдөөний иргэдэд маш хэцүү байгаа, одоо оруулж ирэх аппарат, тоног төхөөрөмж чинь орон нутагт ногдох уу? Хөдөөд хийх оношлогоог ер нь яах вэ хэмээж байв.

УИХ-ын гишүүн Н.Ганбямба, одоо өвчлөөгүй байгаа иргэдээ шуурхай урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг хэлж байв. Өвчнөөр далимдуулан янз бүрийн эм, эмийн зүйлийг бизнес хийж их оруулж ирж байгаа. Тэгэхээр гаалийн албан татвар, нэмүү өртгөөс чөлөөлж буй тохиолдолд энэ буруу үйлдэл бүр гаарах вий дээ гэсэн юм.
Энэ мэтээр УИХ-ын гишүүн Р.Буд, Г.Баярсайхан нарын гишүүд асуулт тавьж, хариулт авсны эцэст санал хураахад 87.5 хувийн саналаар гишүүд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Нэгдсэн чуулганы энэ хуралдаан Төсвийн байнгын хороо хуралдаж байх зуур үргэлжилсэн хэвээр байна, өмнө нь түр орхисон Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн “гахайн ханиадны” талаарх мэдээллийг сонсож, танилцана гэдгийг Спикер мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хэлэхдээ, энэхүү гахайн ханиад нь жил бүр гардаг томуу, томуу төст өвчинтэй ижил эхэлж байгаа. Гэхдээ чухам дэлхийн түвшинтэй харьцуулахад манайд аль шатанд байна гэдгийг хэлж өгөөч. Өвчний эсрэг олон янзын эм оруулж ирснээс яг тохирох эм тариаг нь онцгойлон оруулж ирвэл ямар вэ гэлээ. Түүнчлэн саяхан Мексикт бас нэг шинэ төрлийн ханиад гарсан тухай мэдээ байна, тэгэхээр дараагийн ханиадны эсрэг бид бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж байлаа.

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хэлэхдээ, аймгуудад бол оношлуур байгаа, харин шинжилдэг лаборатори зөвхөн Улаанбаатарт байна гэсэн. Өөрөөр хэлбэл, аймагт зөвхөн сорьцийн судалгааных нь байдаг аж.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хэлэхдээ, сүүлийн 60 жилд дэлхий дээр 365 шинэ халдварт өвчин бүртгэгдсэнээс ихэнх нь томуугийн вирус юм. Манайд томуугийн А хүрээний вирус 3-р шатлалтай яваа, 512 хүн өвчнөөр бүртгэгдсэн байгаа гэв.

Р.Буд гишүүн, Монгол Улс уг өвчнөөр нас барсан хүний тоогоор дэлхийд хэддүгээрт яваа вэ гэдгийг сонирхоод, вакциныг ямар хугацаанд оруулж ирэн тараагдахыг асуусан. Мөн аймаг, орон нутагт тандалтын судалгаа хийх боломж алга. Тиймээс үүнд зориулж аймагт төсөв өгнө биз дээ хэмээсэн. Тэрээр хяналтын байгууллагын тогтолцоо, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог сайн хийж өгөхгүй бол нөгөө оруулж ирсэн вакцин, эм тариаг хувааж аваад дуусах вий хэмээн сэрэмжлүүлсэн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх, жирийн ханиаднаас ялгах наад захын мэдээллийг маш тодорхой хэлж өгөөч, жишээ нь би хүртэл ханиад хүрээд яахаа мэдэхгүй яваад л байна шүү дээ гэж байв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, өвчний талаарх мэдээлэл эхлээд тайвшруулсан байдалтай тарсан шүү дээ, айх юмгүй л гээд байсан. Яг газар дээр нь яваад үзэхэд манай эрүүл мэндийн байгууллагын хайхрамжгүй, хэнэггүй байдал их ажиглагдаж байсан. Халдвар судлалын эмнэлгээр ч орсон, өрхийн эмнэлгээр ч явсан. Зүгээр л нэг хэнэггүй хүмүүс байх юм. Ийм хачин арчаагүй байдлаас харахад бид энэ өвчний эсрэг ямар дүн үзүүлж байгаа нь тодорхой байна гэлээ.

Сайд С.Ламбаа : -Энэ бол үнэний хувьтай. Гэхдээ иргэн бүрийн оролцоо чухал байна. Ганц Ламбаа юмуу Эрүүл мэндийн яамны ажил биш шүү дээ. Манайхан нэлээд хэнэггүй улс юм. Гар барьж болохгүй гэж хүртэл хэлсэн. Харин хүмүүс тоглоом болгоод л байна. Таны хэлж байгаа үнэн. Эмч нар хүнтэй харьцаж чадахгүй байна, энэ талаар анхааруулдаг ч нэг сайн хэвшиж өгөхгүй байна хэмээн хариулж байлаа.
Х.Жекей гишүүн, энэ бол улс орны хэмжээнд сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байхад АН- ын бүлгийн УИХ-ын гишүүд тэр чигтээ чуулганд алга, Засгийн газрын гишүүд ч алга энэ юу болж байна вэ гэлээ.
Ц.Батбаяр гишүүн, Засгийн газар нь хуралдаад асуудал ноцтой болоод байгаа энэ үед дэд сайд Ж.Цолмон та гараа сайн угаахад л болно гээд байх юм. ДЭМБ бидэнд ийм зөвлөгөө өгсөн хэмээгээд байна. Мөн ард түмний сэтгэл зүйг хөтлөх хэрэггүй, онцгой байдал хэрэггүй гээд байна, үүнийгээ тайлбарлана уу гэлээ.
Харин ЭМЯ-ны дэд сайд Ж.Цолмон, би дахин тайван бай л гэж хэлэх байна. Хэрэв хүмүүсийн сэтгэл санааны байдал алдагдвал, халдвар 2-3 дахин өгсдөг гэсэн. Бид энэ өвчин хэдий хэр хугацаатай үргэлжлэхийг мэдэхгүй учраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлах нь одоохондоо шаардлагагүй гээд Хятадын жишээг татсан юм.
Чуулганы хуралдааны үеэр энэ мэтчилэн УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Д.Оюунхорол нарын олон гишүүн асуулт асууж, саналаа хэллээ.

Харин энэхүү чуулгантай давхцан хуралдсан УИХ-ын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт гарсан байв.
Төсвийн байнгын хороо Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхдээ Р.Амаржаргал гишүүний анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай горимын санал гаргасныг дэмжсэн байна.

Ингээд уг Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Ц.Даваасүрэн, Р.Буд гишүүн нар асуулт тавьсан.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар энэ үеэр хэлэхдээ, БХ-ны санал, дүгнэлтээр зарчмын зөрүүтэй санал үгүй ч “ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын” гэсэн нь хаягдсан байсныг сая Ц.Даваасүрэн гишүүн гаргаж ирлээ гэв.
С.Ламбаа сайд: “ Ариутгалын” гэдгээр нь байлгая гэсэн ч “Ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын ” гэхээр тогтсон юм.
Эцэст нь Төсвийн БХ-ны горимын саналаар санал хураалт явуулахад 82.4 хувиар дэмжигдлээ.

Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад “ …төхөөрөмж гэдгийн дараа “… ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын…” гэдэг өмнө дурдагдсан үг оруулан редакцийн засвар хийгээд, уг хуулийг 90.2 хувиар батлав.

Дараагийн хуулийн төсөл болох Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлая гэсэн санал хураалт явуулахад 86.3 хувиар батлагдсан юм.

Эдгээр хууль нь өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөгдөх аж.

УИХ-ын гишүүдийн хэлэлцүүлгийг видеогоор үзнэ үү

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.