Чуулган үдээс хойш H1N1-ийн талаар хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Прокурорын байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн,анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын зарим гишүүд “Байгууллага бүр ойгоо тэмдэглэх болоход тэдэн төгрөгийн санхүүжилтийг шийдээд өг гээд УИХ-руу асуудлаа чирж оруулж ирээд байвал яах вэ. Ийм жишиг тогтчих юм биш биз” гэсэн асуудлыг хөндөж байлаа.
Тухайлбал, прокурорын байгууллагыг 80 жилийн ойгоо тэмдэглэх хүрээнд улсын төсвөөс 90 сая төгрөг гаргахаар тогтоолын төсөлд тусгасныг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин шүүмжилж, “Энэ мөнгө татвар төлөгчдийн хөрөнгө, байгууллагын ой тэмдэглэх замаар үрэн таран хийж болохгүй” гэсэн юм. Гэвч санал хураахад олонх нь дээрх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Дараа нь Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Чуулганы хуралдаанд суусан 44 гишүүнээс 40 нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос гаргасан “Хэлэлцэх нь зүйтэй” гэсэн саналын томъёоллыг зөвшөөрч кноп дарснаар тус тогтоолын төслийг холбогдох байнгын хороонд анхны хэлэлүцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байгаа бөгөөд 15.00 цагаас үргэлжлүүлэн хуралдана.
Манай улсад Н1N1 вирүсийн тархалт эрчимтэй тархаж, олон хүний амь насыг авч одоод байна.
Тиймээс тус вирүсийн эсрэг авч байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Ламбаа УИХ-ын гишүүдэд танилцуулга хийж, асуултад хариулт өгөх юм.