ЭМЯ-ны болон зарим эмнэлгийн удирдлага хариуцлагаа өндөржүүлэх шаардлагатай
2009.10.27

ЭМЯ-ны болон зарим эмнэлгийн удирдлага хариуцлагаа өндөржүүлэх шаардлагатай

А хүрээний H1N1 ханиад эрчимтэй тархаж, энэ өвчний улмаас амиа алдаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр нартай уулзаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон, зарим үүрэг чиглэлийг өглөө.

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа :

-Өнгөрсөн сарын 12-нд А хүрээний H1N1-ийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар халдвар авсан хүмүүсийн тоо 374 боллоо. Төмөр замын эмнэлэг, СБ дүүргийн эмнэлэг, ХӨСҮТ, Улсын клиникийн төв эмнэлэгт тус тус нэг нэг өвчтөн, нийт 4 өвчтөн нас барлаа. Өвчтөнүүдийг нас барсны дараа гахайн ханиадны халдвар авсан гэдгий нь тогтоосон. Өнөөдөр 8 аймагт өвчний тохиолдол бүртгэгдээд байгаагаас Эрдэнэтэд байгаа 6 өвчтөний биеийн байдал хүндэвтэр байна. Эрдэнэт, Дарханд ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан баг ажиллаж байна.
Улаанбаатарт нарийн мэргэжлийн эмч нарийн бүрэлдэхүүнтэй тусгай баг 24 цагаар ажиллаж байгаа.

ДЭМБ таван оронд вакцин нийлүүлэх шийдвэр гаргасны нэг нь Монгол орон. 11р сарын дундуур хүн амын 2 хувьд ногдох эхний ээлжийн вакцин ирнэ. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу энэ вакциныг эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудад болон хүндэрч магадгүй өвчтөнүүдэд зориулах болно. Үйлдвэрлэгчид вакциныг арилжааны шугамаар хувийн компаниудад өгөхгүй гэдгээ мэдэгдсэн гэж мэдээллээ. Засгийн газар яаралтай хөрөнгө шийдүүлэх хүсэлтийг гаргасан байгаа. Зарим аж ахуйн нэгжүүд эмнэлгийн үйлчилгээнд хэрэгцээтэй бензин, утас зэргээр тусалж байна, гэж мэдээллээ. Саяхан МУ-ын Ерөнхийлөгчийн тусламж болгон өгсөн алсын дуудлагын гурван машин түргэн тусламж үзүүлэхэд их хэрэг болж байгааг Эрүүл мэндийн сайд энэ үеэр уламжиллаа.

ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр:

-Бид дөрөвдүгээр сараас хойш, өвчнөөс урьдчилан сэргийлэх, болон болзошгүй үеийн бэлтгэл ажлуудыг хийж байсны дүнд 10-р сар хүртэл өвчин гаргалгүй барьж чадаж байсан. 10-р сар нь ханиадны дэгдэлтийн үе байдаг тул бусад төрлийн томуу, томуу төст өвчинтэй давхцаж, ачааллыг нэмэгдүүлж байгаа. Олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зогсоох үүрэг чиглэлийг өгч, ариутгалын ажлыг эрчимжүүлж байна. Сурагчдын амралтыг урагш нь татсантай холбоотой тв болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллаж байна. Цагдаа, Онцгой байдал, хөдөлгөөнт эргүүлийн машинуудыг эрүүл мэндийн дуудлаганд явуулж байна. ДЭМБ-д хүсэлт тавьсны дагуу тус бүр нь 40 мянган долларын үнэтэй шинжилгээний лабораторийг Эрдэнэт, Дархан, ХӨСҮТ-д тус тус нэмж байрлууллаа. Байдал хүнд байна, гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эмнэлгийн тоног төхөөрөмж, тун тариа хүрэлцээтэй эсэх, нийтийг хамруулахгүй байх талаар ямар арга хэмжээ авч байгаа, эмч мэргэжлийн хүмүүс ямар нөхцөлд ажиллаж байгаа зэргийг тодруулж, хариулт авсны дараа зарим үүрэг чиглэлийг өглөө.

“Өнөөдөр өвчлөгсдийн жагсаалт, тоо яриад суугаад байх цаг биш. Нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрсэн байна гэдгийг одоо бид хүлээн зөвшөөрөх ёстой. Ханиад маш хурдан дэгдэж, хүний амь насанд хүрч байгаад санаа зовж байна. Нэг хүн амд ногдох өвчлөлийн тоог харахаар санаа зовохгүй байх аргагүй юм. Хэрвээ өвчлөлийн түвшин одоо байгаагийнхаас нэмэгдвэл, засгийн газар ямар арга хэмжээ авч, хүмүүс яах ёстойг одооноос ярьж байх шаардлагатай. Та бүхэн хариуцсан чиглэлээрээ ажлаа уялдуулж ажиллаарай. Хариуцлага алдсан цалгар назгай байдал гаргаж болохгүй.

Эрүүл мэндийн байгууллагууд, эмч нар ачаалалтай ажиллаж байгаа гэдгийг ойлгож байна. Засгийн газар энэ хүмүүстээ анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн яамны удирдлага, зарим эмнэлгийн зүгээс хариуцлагаа өндөржүүлэх шаардлагатай гэж бодож байна” гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.