Нийтийг хамарсан урлаг, соёл, спортын арга хэмжээ зохиохыг хориглолоо
2009.10.26

Нийтийг хамарсан урлаг, соёл, спортын арга хэмжээ зохиохыг хориглолоо

2009 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16.00 цагийн байдлаар 326 хүн томуугийн “А” хүрээний вирусийн халдвар авсан бөгөөд 2 хүн энэ сарын 21-ний өдөр H1N1 вирусийн халдвараар нас баржээ. Дээрх хоёр хүн суурь өвчтэй байсан нь нас барах шалтгаан болсон байна.

Одоогоор 25 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бол 40 хүний шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна.
2009 оны 10 дугаар сар 24-ний өдөр Улсын Онцгой комисс хуралдан томуугийн “А” хүрээний вирусийн халдварын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Эрүүл мэндийн яам эмнэлгүүдэд орны нөөц бүрдүүлэн, түргэн тусламжийн автомашиныг нэмж, нарийн мэргэжлийн, тэргүүлэх зэрэгтэй эмч нарын зөвлөх багийг дүүргүүд болон Халдварт өвчин судлалын үндэсний төвд дуудлагаар ажиллуулж эхэлжээ.

Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар буюу 22.00 цаг хүртэл ажиллаж иргэдэд үйлчилж байна. Хүйтний улирал эхэлсэн учир томуу, томуу төст өвчин туссан хүүхдийн тоо нэмэгдэх хандлагатай байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага мэдээллээ.

Ирэх даваа гараг буюу 10 дугаар сарын 26-наас энэ өвчин анх гарсаны 3 дахь долоо хоног эхэлж байна. 3-5 дахь 7 хоногт өвчний тархалт улам ихсэх магдлал өндөр учир цаашид авах арга хэмжээг эрчимжүүлэх нь зүйтэй гэж Улсын Онцгой комисс үзлээ.
Энэ дагуу:

  • - Нийтийг хамарсан урлаг, соёл, спортын арга хэмжээ, тэмдэгдэлт үйл явдал зохиохыг хориглох
  • - Сурагчдын улирлын амралтын үеэр хүүхдүүдийг гадуур дэмий сэлгүүцүүлэхгүйн тулд телевизүүдээр тэдний сонирхлыг татсан нэвтрүүлэг, кино түлхүү гаргах
  • - Өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах
  • Урьдчилан сэргийлэх эмний нөөцөд анхаарах, үнийг нь бууруулах, шаардлагатай эм тариа, тоног төхөөрөмж, материалын жагсаалт гаргаж импортын татвараас чөлөөлүүлэх тухай санал боловсруулж танилцуулах
  • Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой комисс мэдээллээ шуурхай солилцдог байх
  • Уртасгасан цагаар ажиллаж байгаа эмч, сувилагч нарын илүү цагийн мөнгө, түргэн тусламжийн автомашины шатахуун, эм тариа зэрэгт шаардагдаж байгаа зардлын тооцоог гаргаж Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх
  • Монголын Улаан загалмайн нийгэмлэгийг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газартай нягт хамтран ажиллахыг үүрэг болголоо.
  • Өрхийн эмнэлгүүд 22.00 цаг хүртэл ажиллаж байгаа ч 19 цагаас хойш хандаж байгаа хүний тоо эрс багасдаг учир 20.00 цаг хүртэл ажиллуулах, гэхдээ дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн түргэн тусламжийн үйлчилгээний цар, хүрээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.