Бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа парк байхгүй байгаа гол шалтгаан нь дэд бүтцийн асуудал юм
2022.06.30

Бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа парк байхгүй байгаа гол шалтгаан нь дэд бүтцийн асуудал юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.30\ нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

ҮБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. 

Улсын Их Хурал 2003 онд 54-р тогтоолоор “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл” баталж, 2009 онд үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, татварын таатай орчинг бий болгох, улмаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, шинээр ажлын байрыг бий болгох, нарийн технологид суурилсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж байжээ.

Хууль хэрэгжиж эхлээд 10 гаруй жил өнгөрсөн боловч өнөөдрийг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж буй үйлдвэрлэл, технологийн парк байхгүй байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж байна гэж хуулийн төсөл санаачлагч С.Бямбацогт онцлов.

Улсын Их Хурлын Тамгын газраас Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийсэн байна. Тус үнэлгээнд “Засгийн газар паркийн үйл ажиллагааг хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор үнэт цаас гаргах, хөнгөлөлттэй зээлд хамруулах, хөрөнгийн баталгаа гаргах зэрэг хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хууль хэрэгжихгүй байх шалтгаан болж байна.

Парк хөгжих гол үндэс нь дэд бүтцийн бүтээн байгуулалт бөгөөд дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэхгүйгээр дараагийн хөгжлийн асуудлыг хөндөх боломжгүй юм. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа парк одоогоор байхгүй байгаа гол шалтгаан нь дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах төсөв, санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байгаатай холбоотой юм. Иймд хэрэгжилт хангалтгүй учир хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай” гэж дүгнэжээ.

Дээрх шаардлагуудын үүднээс Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ.