“Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны  тухай” салбарын сайдуудын мэдээллийг сонслоо
2022.05.12

“Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны тухай” салбарын сайдуудын мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2022.05.11) хуралдаан 12 цаг 16 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. 

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Дамдинням хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа  “Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг цогцлоох талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай  танилцуулга”-ын талаар Соёлын сайдын мэдээллийг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. 

    Хуралдаан Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжив.

“Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны (сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хичээлийн хоцрогдлыг арилгах, сургалтын чанар үнэлгээ, сурах бичгийн агуулга, тамхины хэрэглээ) тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайдын мэдээллүүдийг сонссон.

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хичээлийн хоцрогдлыг арилгах, сургалтын чанар үнэлгээ, сурах бичгийн агуулгын талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хичээлийн хоцрогдлыг арилгах талаар салбарын сайд мэдээлэлдээ Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр 2004-2018 оны хооронд нийт 21 удаагийн шийдвэрээр өөрчлөгдсөнийг онцлоод сурагчид боловсрол эзэмших явцдаа эргэцүүлэн бодох, харьцуулах, шүүмжлэлт сэтгэлгээ, шинийг эрэлхийлэх, шинэ зүйл бүтээх эрмэлзэл зэрэг олон чадваруудыг өөрийн болгох ёстой. Эх оронч үзэл санаа, багаар ажиллах чадвар, зөв хүн байх зэрэг чанаруудыг ч эзэмшүүлэх шаардлага гарч байгааг дурдсан.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр хэт олон хичээлтэй болж, сургалт академик шинжтэй болсон. Өөрөөр хэлбэл, 21 дүгээр зууны иргэдэд шаардагдаж буй ур чадваруудыг олгохын тулд тэр болгонд нь тохирсон хичээл шинээр оруулж ирэх хандлагатай болж байна. Угтаа бол үндсэн хичээл бүрээр суралцах явцдаа олж авах чадварууд юм. Иймээс багшийг чадваржуулахад онцгой анхаарах шаардлагатай. Зөвхөн хөтөлбөр, арга зүйн бодлого дээр анхаарлаа төвлөрүүлснээс түүний хэрэгжилт орхигдсон. Ялангуяа гол хэрэгжүүлэгч болох багшийн мэдлэг, ур чадварыг тогтвортой дээшлүүлэх, ажиллах бололцоог хангах, сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, сурагчийн үнэлгээний асуудал орхигдсон гэж байлаа.

Хөтөлбөрийн бодлого сул, хөтөлбөрийн шинэчлэлийг бэлтгэлгүй хийдэг бөгөөд зарим хичээлүүдийг улстөрчид болон тодорхой сонирхлын бүлгүүдийн шахалт, захиалгаар судалгааны үндэслэлгүйгээр хөтөлбөрт оруулснаар сурагчдын ачааллыг хэтрүүлэн, зайлшгүй судлах шаардлагатай хичээлийн судлах цагийг багасгасаар байна. Зарим хичээлүүдийг нэгдмэл агуулгатай болгож, интеграцчилах замаар сурагчдын ачааллыг багасгах арга замыг хайх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Одоо хэрэгжиж буй хөтөлбөрөөр судлагдахууны тоо I-III ангид 7, IV-V ангид 10 хичээл, VI-IX- ангид 15-17 хичээл, Х-ХII ангид 16 хичээл судалж байна. Яамны зүгээс хөтөлбөрийн менежментийн циклийн хүрээнд 2022 онд сургалтын шинэ хөтөлбөрийнхөө үзэл баримтлалыг баталж цаашид сургалтын шинэ хөтөлбөрийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, багшаа бэлтгэх, сурах бичгээ шинээр боловсруулах, шинэ хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдав.

Хичээлийн хоцрогдлыг арилгах асуудлын хүрээнд сурагчдын дунд үүссэн сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө"-г батлан хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгасан. Хоцрогдлыг нөхөх арга хэмжээг 3 үе шаттайгаар 2021-2023 онд хэрэгжүүлэх юм. Танхимын сургалт, үйл ажиллагаа төдийгүй спорт, урлагаар хичээллэх, сонирхлын дагуу дугуйлан секцэд хамрагдах, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих төлөвлөгөөт арга хэмжээ зэрэг сурагчдын нүүр тулсан харилцаа хязгаарлагдахын хэрээр тэдэнд бие биеэ хүндэтгэх, шинэ орчин, нээлттэй харилцаанд дасан зохицох, бусдаас суралцах, багаар хамтран ажиллах, асуудлыг хамтран шийдэх зэрэг ур чадвар эзэмшихэд ихээхэн бэрхшээл учирч байна. Энэ бүхнээс харахад танхимын сургалтыг тасралтгүй явуулах нь хүүхдийн хөгжил, төлөвшилд нэн чухал байна.

Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах чиглэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж буй дараагийн асуудал бол аймаг, сум, дүүргийн сургуульд сурч байгаагаас үл хамаарч ахлах ангийн хүүхдүүд сонгон судлах хичээлээ улсын шилдэг багш нараас сонгон сургалтын нэгдсэн платформоор /MEDLE.MN/ судлах боломжийг бүрдүүлэх юм. Энэ хүрээнд виртуал ахлах сургуулийг хөгжүүлэх, сонгон судлах хичээлийн чанарыг сайжруулахад ахиц гарахаас гадна байршлаас үл хамаарч ахлах ангийн хүүхдүүд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа Л.Энх-Амгалан сайд мэдээлэлдээ онцоллоо.

Дараа нь сургалтын чанар, үнэлгээний асуудлын талаар товч мэдээлэл хүргэв. 2022-2023 оны хичээлийн жил нь өмнөх жилүүдээс илүү онцлогтой, боловсролын салбарт чанарын өөрчлөлт гаргасан жил байна. Суралцагчдад хоцрогдлоо нөхөх, сургалтын тэгш боломжийг нэмэгдүүлэх, багшийг тасралтгүй хөгжүүлэхэд боловсролын цахим шилжилт, боловсрол, сургалтын чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр гүйцэтгэл, үр дүнд суурилсан төсвийн шинэчлэл, чанар, гүйцэтгэлийн үнэлгээний үндэсний тогтолцоог хөгжүүлэх зорилтьг дэвшүүлэн ажиллаж байна.

Боловсролын үнэлгээний төвөөс сурагчдын хоцрогдлын нөхцөл байдлыг тодруулах зорилгоор оношлох үнэлгээг 2021 оны 9 дүгээр сард, сургуульд суурилсан үнэлгээг 2021 оны 10 дугаар сард тус тус зохион байгууллаа. Энэ үнэлгээгээр бага боловсролын сурагчийн сурлагын түвшин 50.3 хувь, суурь боловсрол 36.4 хувь, бүрэн дунд 36 хувьтай байна. Тэд эзэмших мэдлэг, чадварынхаа 50-64 хувийг сурч чадаагүй байна. Мөн хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээг хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн орсон сурагчдыг хамруулан үндэсний хэмжээнд зохион байгуулсан бөгөөд энэхүү үнэлгээгээр хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын гүйцэтгэл 60.7 хувьтай байна. Цаашид үндэсний түвшинд элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд 2 удаа зохион байгуулахаар боллоо. Монгол хэл бичгийн шалгалтыг 3, гүйцэтгэлийн үнэлгээг 2 удаа, боловсролын чанарын үнэлгээ, сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээг тоггмол гүйцэтгэж байх тогтолцоонд шилжиж байна. Монгол Улс анх удаа 2022 онд сурлагын амжилтын олон улсын үнэлгээ болох PISA-д хамрагдана гэв.

Салбарын сайд мэдээллийнхээ төгсгөлд сурах бичгийн агуулгын судалгааны талаар товч мэдээллэсэн. Сурах бичгийн агуулгын судалгааг 33 нэр төрлийн 174 сурах бичигт анх удаа хийж гүйцэтгэснийг дурдаад энэхүү судалгаагаар сурах бичиг, түүний дагалдах багцын (дасгалын ном, багшийн ном, хэрэглэгдэхүүн) өнөөгийн хөгжлийн төлөв байдалд дүгнэлт хийж, цаашид сурах бичгийн талаарх үзэл баримтлал, баримтлах бодлого, стандарт, үнэлгээний үндсэн асуудлуудыг нээн илрүүлж шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилго тавьсныг онцолсон. Хөтөлбөрийн менежментийн циклийн хүрээнд сурах бичгийг шинэчлэн сайжруулах бөгөөд цаашид дараах ажлыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байна.

Үүнд, сурах бичиг судлалыг хөгжүүлэх, сурах бичигт тавих стандартын шаардлагыг шинэчлэх, шинээр боловсруулсан сурах бичгийг тодорхой хугацаанд туршсаны үндсэн дээр сайжруулж, нийтээр хэрэглэх, сурах бичгийн агуулгыг боловсролын түвшин, хичээл хоорондын залгамж холбоог хангах, танин мэдэхүйн дээд эрэмбийн даалгаврыг түлхүү оруулах, үндэсний ёс заншил, өв уламжлал, үндэстэн, ястны онцлог, үнэт зүйлсийг танин мэдэх агуулгыг хичээлийн онцлогтойгоор тусгах шаардлагатайг сайд мэдээлэлдээ дурдав.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Г.Мөнхцэцэг, Ц.Туваан нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир үндэсний цөөнхийн боловсрол, сурах бичгийн агуулга, хүртээмжийн асуудалд салбарын яамнаас баримталж буй бодлогын талаар лавлахад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хариултдаа, үндэсний цөөнхийн боловсрол, хэлний асуудлаас үүдэн өнгөрсөн хугацаанд хичээлийн хоцрогдолд багагүй өртсөнийг онцлоод энэ асуудалд томоохон судалгааны баг гарган ажилласныг тодотгов. Мөн тэрбээр, өнгөрсөн жилээс хос хэлний сурах бичгийг боловсруулж Баян-Өлгий аймгийнхаа бүх сурагчдад хүргэж эхэлсэн бөгөөд цаашид Боловсролын багц хууль гарахаар үндэсний цөөнхийн хэл, сурах бичгийн асуудалд тусгайлсан бодлого явуулах зайлшгүй шаардлагатайг тодотгосон.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа цахим орчинд багш нарын ёс зүйтэй холбоотой үйлдэл багагүй дуулиан үүсгэж байгааг анхааруулаад сурагчдыг хүчирхийллээс хамгаалах асуудалд яамны зүгээс баримталж буй бодлогын талаар лавлахад 2022 оныг боловсролын салбарт “Ёс зүйн жил” болгон зарласан бөгөөд ерөнхий боловсролын сургууль бүрд ёс зүйн зөвлөлийг байгуулж, эхний ээлжинд 150 сургууль дээр сэтгэл зүйч ажиллуулж байгааг салбарын сайд хариултдаа онцлоод цаашид ерөнхий боловсролын бүх сургуульд сэтгэл зүйч ажиллуулах нь зүйтэй гэж байлаа. Мөн тэрбээр, хүүхдүүд сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт, цахим халдлагад өртөх зэрэг сэтгэл эмзэглүүлсэн асуудал их байгаа тул үүнд нийгмээрээ онцгой анхаарч шүгэл үлээж, соён гэгээрүүлэх ажил хийх шаардлагатай хэмээв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Улаанбаатар хотын сурагчдын англи хэлний мэдлэг, ойлголтыг үнэлэх даалгаврын гүйцэтгэлийн түвшин 50 хувьтай байхад орон нутгийн сургуулийн сурагчдынх 30 хүрэхгүй хувьтай байгааг онцлоод боловсролыг тэгш, хүртээмжтэй олгох зорилгын хэрэгжилтийг хангахад салбарын яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг тодруулсан.

Салбарын сайд хариултдаа, энэ жилээс англи хэлний хичээлтэй холбогдуулан үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд судалгаа хийж үзэхэд англи хэлний 3200 багшийн 20 орчим хувь нь л шаардлага хангасан мэдлэг, чадвартай байна. Иймд Монгол дахь Энх тайвны корпусын шугамаар жилд цөөхөн ирдэг ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, цаашдаа төрийн өмчийн 650 сургууль бүрд сайн дурын багш, ажилтнуудыг ажиллуулах, хувийн хэвшлийн сургуулийн чадварлаг 120 орчим багш нарыг түшиглэж, ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарыг бүсчилсэн сургалтад хамруулах зэргээр энэ асуудалд тодорхой үе шаттай ажиллах шаардлагатайг мэдэгдсэн.

Үргэлжлүүлэн “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны тухай” мэдээллийн хүрээнд тамхины хэрэглээний талаар хийсэн судалгаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа.

Тэрбээр мэдээлэлдээ, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 2019 онд ДЭМБ-ын баталсан аргачлалаар “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгааг хийсэн. Судалгаагаар нийт хүн амын 24.2 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 43.7, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тогтмол тамхи татдаг гэсэн дүн гарсныг тодотгоод Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ, НЭМҮТ-тэй хамтран “Дэлхийн залуучуудын тамхины судалгаа-2019” Монгол Улсын тайланг эцэслэн гаргаж, тоо баримтын хуудсыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс хянаж, эцэслэн баталгаажуулсан. Уг судалгаа нь залуучуудын тамхины хэрэглээний зан байдал, мэдлэг, хандлага, итгэл үнэмшлийн талаарх маш чухал мэдээллийг багтаасан төдийгүй эрүүл мэнд, нийгэм, боловсролын хөтөлбөр, арга хэмжээнд мэдээлэл өгөхөд ашиглагдах бөгөөд хэвлэгдэхэд бэлэн болсон гэж байлаа.

Уг судалгааг Улаанбаатар хот болон хөдөө, орон нутгийн 13-15 насны 7-9 дүгээр ангийн нийт 4.474 сурагчдыг хамруулан үндэсний хэмжээнд хийсэн. Судалгаанд хамрагдсан сурагчдын 53.2 хувь, үүнээс хөвгүүдийн 63.5, охидын 42.7 хувь нь ямар нэгэн тамхин бүтээгдэхүүнийг татаж үзсэн байна. Нийт сурагчдын 6.1 хувь, үүнээс эрэгтэй сурагчдын 6.4, эмэгтэй сурагчдын 4.1 хувь нь өдөрт 6 ба түүнээс дээш ширхэг янжуур өдөр бүр тогтмол хэрэглэдэг эрсдэлтэй гарсан. Электрон тамхийг 13-15 насны нийт залуусын 3.5 хувь нь хэрэглэж байгаа нь тогтоогдсон ба бусад орны үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй өндөр хувьтай байна. Сурагчдын 82,9 хувь нь дэлгүүр, ТҮЦ, гар дээрээс тамхи худалдан авдаг бол 5,4 хувь нь тамхины компаниудаас сурталчилгаа хэлбэрээр тамхийг үнэгүй авсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.

Сүүлийн үед электрон тамхины хэрэглээ дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Энгийн тамхинд донтолт үүсгэдэг никотин дунджаар 13.3-15.4мг байдаг бол электрон тамхины найрлагад никотин 0,5-15.4мг агуулагддаг байна. Мөн электрон тамхинд ууршимтгай органик уусгагч, никель, хар тугалга гэх мэт хортой химийн нэгдлүүд, диацетил зэрэг амт оруулагч хортой бодисууд агуулагдаж байдаг. Тамхины орц, найрлагыг өөрчилснөөр тамхины хорт шинж чанарыг багасгаж болдог гэсэн ташаа ойлголт түгээмэл байна. Тамхинд никотины хэмжээг багасгаснаар тамхи бага хортой болдог талаар шинжлэх ухааны ямар нэгэн нотолгоо олон улсын хэмжээнд байхгүй бөгөөд энэ аргыг тамхи үйлдвэрлэгч өөрсдийн бүтээгдэхүүнээ олноор нь борлуулах маркетингийн нэг арга болохыг ДЭМБ-аас улс орнуудад анхааруулсан гэв.

Мөн тэрбээр, манай улсад тамхины импортын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. 2018 онд нийт 2055 сая ширхэг янжуур тамхи импортолж байсан бол 2021 онд 3069 сая ширхэгт хүрч өссөн байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ДЭМБ-аас хамтран 2021 онд хийсэн ”Тамхины хяналтын суурь конвецын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны эдийн засгийн загварчлал”-ын үр дүнгээс харахад Монгол Улс эрүүл мэндийн салбарын нийт зардлын 8,7 хувийг тамхи, түүнээс үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээ, оношлогоонд зарцуулж байгааг онцлоод тамхины хэлбэр өөрчлөгдөж, электрон, усан, халаадаг төрлүүд шинээр гарч, онлайн худалдаа нэмэгдэж, ил задгай байрлуулж, тамхи татах сэдлийг төрүүлж, сурталчилгааны хяналтгүй орон зай бий болгож байгаа нь хяналт, зохицуулалтыг сайжруулах бодит хэрэгцээ үүсээд байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл 2021 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль, тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 136 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулахаар Эрүүл мэнд, Хүнс Хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэж байлаа.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн, Г.Амартүвшин, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс электрон тамхийг олон нийтийн газар, битүү орчинд татахыг хориглох эрх зүйн орчинг бүрдүүлэх, мөн энэ төрлийн бүтээгдэхүүн, тамхийг онцгой албан татварт хамруулах зэргээр холбогдох хуулийн төслүүдийг яаралтай боловсруулж, Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлж, зургадугаар сард багтаан батлуулахад Эрүүл мэндийн яам шуурхай ажиллах нь зүйтэй гэсэн саналыг илүүтэй илэрхийлж байлаа.

Ингээд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд тамхины хэрэглээг хорих зарим арга хэмжээний тухай Байнгын хорооноос тогтоолын төсөл боловсруулсныг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган, өөрчлөн найруулж батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn