Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн ярилцлагын шатны сонгон шалгаруулалт болж байна
2022.05.10

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн ярилцлагын шатны сонгон шалгаруулалт болж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг 2022 оны гуравдугаар 21-ний өдөр зарлаж, тавдугаар сарын 2-ны өдрийг хүртэл бүртгэсэн. Энэхүү тэтгэлэгт дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч, олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн оюутан, гадаадын их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэд оролцсон юм.

Тэтгэлгийн бүртгэлээр гадаадын их, дээд сургуульд суралцахаар докторын хөтөлбөрт 4, магистрын хөтөлбөрт 73 иргэн материалаа ирүүлсэн. Үүнээс эхний шатны буюу дэлхийн топ 100 сургуулийн аль нэгд тэнцсэн, IELTS-н 7 оноотой байх ёстой гэсэн шалгуур хангасан 32 иргэн өнөөдөр хоёрдугаар шат буюу ярилцлагын шатны сонгон шалгаруулалтад оролцож байна. Ярилцлагын шатны сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, эрдэмтэн, докторуудын төлөөлөл оролцон зохион байгуулж байна.

Эхний шатанд тэнцсэн 32 иргэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр энэ жилийн эхний 100 их, дээд сургууль болох University of Oxford, Harvard University болон Stanford University зэрэг сургуулиудаас суралцах урилга аваад байгаа юм.