Хөгжлийн түүчээ болсон татвар төлөгч та бүхэндээ баярлалаа
2022.05.10

Хөгжлийн түүчээ болсон татвар төлөгч та бүхэндээ баярлалаа

Улс, нийслэлийнхээ хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын түүчээ болж, нийгэм, эдийн засагт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн эрхэм хүндэт татвар төлөгч та бүхэндээ Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүд төлсөн татварынхаа үр шимийг энэ жилээс хүртэж эхэлсэн гэдгийг дуулгахад таатай байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын 55 хувь, их, дээд сургуулийн 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 76 хувь төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг нийслэл дангаараа үйлдвэрлэж буй. Гэвч бид төлсөн татварынхаа үр шимийг хүртэж чадалгүй өнөөг хүрсэн.

Харин Монгол Улсын Засгийн газраас  өнгөрсөн онд Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих, түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулах түүхэн шийдвэр гаргасан нь нийслэлийн татвар төлөгчийн мөнгө эргээд Улаанбаатар хотын тулгамдсан асуудал, түгжрэлийг бууруулах, төвлөрлийг задлах, олон төвт хот болгоход зарцуулагдах болсон. Нийслэлийн иргэдийн төлсөн татварын мөнгөөр аймгуудын асуудлыг шийддэг байсан тогтолцооноос салж, Улаанбаатар хотын татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүд төлсөн татварынхаа үр шимийг хүртэж эхэлсэн гэдгийг дахин хэлье.

Цаашид бид илүү хурдтай хөгжиж, 30 жил хуримтлагдсан олон асуудлыг шийдэх шаардлагатай. Үүний тулд нийслэлийн удирдлагын баг Улаанбаатар хотын орлого, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, төсвийн хөрөнгийг эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглүүлэн, үр ашигтай, хариуцлагатай төлөвлөж, сайжруулан ажиллах болно. Эхний алхам болгож нийслэлийн удирдлагуудын зүгээс татвар төлөгч, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдээ бүхий л байдлаар дэмжин ажиллахыг зорьж, оны босгон дээр 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй болгосон. Мөн барилга барих зөвшөөрөл авахаас эхлээд улсын комисст хүлээлгэн өгөх хүртэлх бүх шат дамжлагыг цахим болгохоор төлөвлөн ажиллаж байна. Цаашид ч улс, нийслэлийнхээ татварыг бүрдүүлэхэд ачааны хүндийг үүрч буй иргэн, аж ахуйн нэгжээ дэмжин, эргэх холбоотой ажиллахаа энэ дашрамд илэрхийлье.

Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж байгаа нь илүү олон татвар төлөгчтэй болгоно. Иргэд, аж ахуйн нэгжээс авах татварын хувь хэмжээг нэмэхээс илүүтэй татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх эрүүл, шударга төрийн бодлого гэж боддог учраас Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Татвар төлөгчдийг дарамтлах биш, дэмжиж, хамтдаа урагш алхах нь нийслэлийн удирдлагын багийн эрхэм зорилго юм.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хуулийн хугацаанд татвараа үнэнч, шударгаар, тухай бүр төлсөөр байгаа татвар төлөгч та бүхний нөр их хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр нийслэл, дүүргийн төсөвт 2021 онд 1.1 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрч, Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, хөгжин цэцэглэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл, боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл энх, аз жаргалтай амьдрах нөхцөлийг хангахад татвар төлөгчдийн оруулсан хувь нэмэр асар их билээ.

Монгол Улсынхаа, Улаанбаатар хотынхоо гэрэлт ирээдүй, гэгээн замналыг хамтдаа бүтээлцэж байгаа хөгжлийн түүчээ болсон нийт Татвар төлөгч та бүхэндээ баярлалаа.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ

Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn