Мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөг үргэлжилж байна
2022.05.06

Мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөг үргэлжилж байна

Улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 76 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэд өнөөдөр мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөгийг тус тусын сургууль дээр зохион байгуулж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Барилгын политехник коллежийн нээлттэй өдөрлөгт оролцлоо.

Тус сургууль нь 1954 онд байгуулагдсан бөгөөд 27 мэргэжлээр боловсрол олгох 1-2,5 жилийн сургалтыг явуулдаг байна. Нээлттэй өдөрлөгийн үеэр тус коллежид суралцагчдын гэр бүлийнхэн сургуулийн үйл ажиллагаатай танилцахаас гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эцэг эх, асран хамгаалагчдын хамт оролцож байлаа. Мөн энэ үеэр ур чадварын уралдаанд оролцогчдын хоёрдугаар шатны шалгаруулалт явагдаж байлаа.

Мэргэжлийн боловсролын салбарт

- Суралцах хугацааг сунгах

- Дараагийн шатанд дэвшин суралцахад дүнг дүйцүүлэн тооцдог болох

- Дадлага ажлын хэрэглэгдэхүүн, материалын өртгийг шинэчлэн тогтоох

- Суралцагчдад олгодог мөнгөн тэтгэмжийг уян хатан зохицуулалттайгаар олгох зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай талаар багш нар хэлж байлаа.

Мэргэжлийн боловсролын салбар энэ оны нэгдүгээр сараас Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд шилжиж ирсэн. Оны эхнээс мэргэжлийн боловсролын хуулийн төсөл боловсруулах ажил эхэлж эдгээр тулгамдсан асуудлын зөв шийдлийг тусган ажиллаж байна. Мэргэжлийн боловсролын салбарт гажуудсан асуудлуудыг зөв голдиролд нь оруулах зорилгоор сургуулиудын удирдлагуудтай хэд хэдэн удаагийн уулзалтыг зохион байгуулж, хуулийн төсөлд санал аваад байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn