2022.05.11
Г.Дамдинням: Энэ оны төсөвт тамирчдад өгөх урамшууллын зардал 1.8 тэрбум гэж тусгагджээ
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2022.05.11/-ний өдрийн хуралдаанаар “Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаар Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээлэл сонслоо.
Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
2021 оны аравдугаар сард Олимп, дэлхийн чанартай тэмцээнд амжилт гаргасан тамирчдад насан туршид нь олгодог мөнгөн тэтгэмж асуудал хөндөгдөж байсан. Харин 2022 оны Улсын төсвийн тодотголоор энэхүү тэтгэмжийн асуудлыг дахин сөхөж байна. Энэ чиглэлийн дүрэм журамд яаралтай өөрчлөлт оруулаад байнгын хороонд танилцуулах үүргийг 10 дугаар заалтаар өгсөн. Үүний хэрэгжилтийн биелэлт ямар байна вэ?
Ер нь гэмт хэрэг үйлдсэн байсан ч, ёс зүйгүй үйлдэл гаргасан ч, тэр бүү хэл гадаад улсын иргэн болсон ч тэтгэмж өгч болох зохицууулт байна. Энэ оны төсөвт 1.8 тэрбум төгрөгийн урамшууллын зардал орсон. Үүнд дээр ямар өөрчлөлт хийх вэ, ажил яагаад удаашралттай байна вэ?
Түүний асуултад Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn