Монголд эмч нарын чадвар биш эмийн чанар дутаж байна
Манай улсын хэмжээнд эмийн 40 орчим үйлдвэр, эм ханган нийлүүлэх 260 орчим байгууллага, 1600 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагад төрөөс эмийн хэрэглээ, чанар аюулгүй байдал, үйл ажиллагаанд дүгнэлт өгөх зорилгоор аудит хийсэн бөгөөд 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP-ын шаардлагыг хангаагүй тул стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй гэж үзжээ.
Үүнээс үүдэн дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь стандартын шаардлага хангаагүй байна. Нэг үгээр хэлбэл иргэн таны Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй авч буй эмийн 10 хувь ямар нэгэн байдлаар чанаргүй байх эрсдэлтэй гэсэн үг.
Нөгөөтэйгүүр Монгол улсын дотоодын зах зээлд худалдаалагдаж байгаа эм, бусад улс оронд худалдаалагдаж байгаа эмтэй орц, найрлагын хувьд ижилхэн боловч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй байгаа нь эмийн чанар, аюулгүй байдалд тавих хяналт шалгалт бага, олон улсын стандарт мөрдөгдөхгүй байгааг харуулж байна.
Эрүүл мэндээ эмчлэхийн тулд ууж байгаа эм нь хүртэл шаардлага хангахгүй байхад бид эрүүл мэндийн салбарын хөгжил, дэвшлийг ярих нь утгагүй хэрэг.
Тиймээс уг асуудалд нэр бүхий 21 гишүүний хамтаар УИХ-ын дарга Г.Занданшатарт Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар шалгалт хийж үр дүнг нэгдсэн чуулганаар танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий “Хянан шалгах түр хороо” байгуулах тогтоолын төслийг боловсруулж өргөн барилаа.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.23
2024.12.20