2022.04.21
Н.Учрал: Төлөвлөгөөт хяналтуудыг хийхгүйгээр эмийн хяналтыг хийнэ гэж огт байхгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.21/ хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Хяналт шалгалт гэдэг үнэхээр зөвлөн туслах чиг үүрэгтэй байж чадах юм бол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангуулахад төр оролцож байгаа хэлбэр юм.
2010 онд эм, эмнэлэгийн хэрэгслийн хуулийг батлан гаргасан. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогоо ч гаргасан. 2014-2018 онд аудитын газраас дүгнэлт хүртэл гарч байсан. Тухайн үед 44 ААН байсан, 63 нь тусгай зөвшөөрөлтэй. Үүнээс харахад урьдчилан сэргийлэх хяналтаар 2016 онд 519 нэр төрлийн эмийн бүртгэл бүртгэгдээгүй, зөрүүтэй эм бүртгэгдэж байсан. Энэ нь GMP-н шаардлагыг хангаагүй, эрсдэлтэй гэж үнэлэгдэж байсан. Энэ бол төлөвлөгөөт шалгалтын үр дүнд бий болж байгаа юм. Яг адилхан орцтой, адилхан нэртэй эм мөртлөө үйлчилгээ нь 4-5 дахин бага, хугацаа нь хэтрээгүй гэсэн тэмдэглэгээтэй мөртлөө хугацаа нь хэтэрсэн эмнүүд манайд орж ирж байнаү. Тухайн эмнүүдийг дуураймал, жинхэнэ эсэхийг шалгах лаборатори нь манайд байхгүй. Ард иргэдийнхээ үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь бид хэрхэн хангах вэ гэдэг дээр эргэж харах шаардлагатай.
Тэгэхээр энэ хуулийн гаргаж ирснээрээ, ялангуяа эмийн хяналтыг яах вэ? Төлөвлөгөөт хяналтуудыг хийхгүйгээр эмийн хяналтыг хийнэ гэж огт байхгүй. Мэргэжлийн хяналтын газрууд сайн лабораторуудыг байгуулах төсөв мөнгөө хурдан шийдээд, хил гааль дээрээ лабораторуудыг яаралтай байгуулах ёстой. Хяналт шалгалтын энэ хуулиар эмийн хяналтыг хэрхэн зохицуулах вэ?
Түүний асуултад Байнгын хорооны ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд хариуллаа.