Төрийн байгууллагын зүгээс 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй
2022.03.24

Төрийн байгууллагын зүгээс 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй

УИХ-ын чуулганы өнөөдроийн \2022.03.24\ нэгдсэн хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. 

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын 4 дүгээр хавсралтаар тус бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хуулийн төслийн жагсаалтыг баталсан. Үүний дотор Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг боловсруулж, 2022 оны 01 дүгээр сард багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заасан байна. Төрийн хяналт шалгалтын улмаас хүнд суртал нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд дарамт учирч байна гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байгаа нь олон удаагийн судалгаа, тэдгээрээс гарсан дүгнэлтэд дурдагдсан байдаг.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой гэж үзэж байгаа тул энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна. 

Хуулийн төсөл нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэхээр тусгажээ. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заасан байна. Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжинд зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэхээр тусгажээ.

Түүнчлэн энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй аж. Энэ хуулийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоох, үйл ажиллагааг шууд зогсоохоос бусад төрлийн зөрчилд тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэх тухай зохицуулалт нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад хамаарахгүй юм байна.