Баянзүрх дүүргийг хөгжүүлэх “Хөгжлийн зураглал-2030” баримт бичиг боловсруулах уулзалт хэлэлцүүлэг боллоо
Энэ хэлэлцүүлэгт тус хорооноос сонгогдсон гишүүд оролцлоо. Баянзүрх дүүрэг маань нийслэл хотын хамгийн том газар нутагтай, хамгийн олон хүн амтай дүүргийн нэг учир дүүргийн маань асуудал бүрийн цаана олон хүний ажил амьдрал холбогдож, олон иргэдийн эрх ашиг хөндөгдөж байдаг онцлогтой дүүрэг.
Өөр нэг онцлог нь нийслэлийн хотын хамгийн их ногоон байгууламжтай, үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй дүүрэг.
Тэр хирээр иргэдийн амьдралын орчин сайжирч, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэж байдаг. Барилгажилт бусад дүүргүүдтэй харьцуулахад харьцангуй бага гэдэг нь өнөөдөр бидий давуу тал юм.
Бидэнд Улаанбаатар хотын өнгөрсөн төлөвлөлтийн алдааг давтахгүй, цоо шинээр “ХҮН” төвтэй зөв төлөвлөх, байгальд ээлтэй “ногоон хөгжил”-д суурилсан ухаалаг шийдэл, орчин үеийн хотын стандартыг нэвтрүүлж зөв барилгажуулах гээд олон боломжууд нээлттэй байгаа нь давуу тал гэж харж байна. Хот төлөвлөлтийн үндэс нь хөдлөшгүй 1 хатуу цэгээс эхтэй байдгийг манай хотын, дүүргийн захиргааны ажилтнууд бүгд мэднэ.
Тэгвэл Баянзүрх дүүргийн 2030 он хүртэлх хөгжлийн тэр хатуу цэг нь “ХҮН ТӨВТЭЙ НОГООН ХӨГЖИЛ” гэж бид харж байна. Бидний цаашид төлөвлөх, батлах, хийж хэрэгжүүлэх, зөвшөөрөх, дэмжих бүхий л үйл ажиллагааны чиглэл нь эндээс эхлэнэ. Өөрөөр хэлбэл иргэнд ээлгүй, байгальд ээлгүй ямарч төлөвлөлт, ямарч газар, ямарч бизнес, ямарч зөвшөөрлөөс бид татгалзаж чадахаас эхэлнэ.
Бидний барих бодлого маш тодорхой бол иргэдийн хүсэл шаардлага, ААН-үүд, худалдаа наймаа эрхлэгчдийн хийх бизнес, хүсэх зөвшөөрөл, барилга, орон сууц барих компаниудын барилгын төлөвлөлт, төрийн албан хаагчдын иргэдэд үйлчлэх үйлчилгээ зөвлөгөө, хот-дүүргийн удирдлагуудын гаргах шийдвэр өөрөө маш тодорхой болно.
Аливаа ажил, шийдвэрийн амжилтгүй байдал, авилгал цэцэглэх орон зай, асуудал бухимдал иргэд-төр хоорондын үл ойлголцол, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ашиг орлогоо төлөвлөж чадахгүй байх, ажил амьдралаа төлөвлөж чадахгүй иргэдийн хувьд гол буруутай хүчин зүйл нь та бидний тодорхойгүй байдал юм.
Тиймээс өнөөдөр бүгдээрээ Баянзүрх дүүргийнхээ 2030 он хүртэл хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахдаа “Хүн төвтэй Ногоон Хөгжил”-ийг үндэс болгож, орчин үеийн технологийн шийдэлд суурилсан ухаалаг, иргэдээ, ажил бизнесүүдээ дэмжсэн, хамтдаа хөгжсөн, хамтдаа урагшилсан, хамтдаа гудамж талбайгаа цэцэглүүлсэн дүүрэг болох зорилгын төлөө ажиллацгаая.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn