БЗД-ийн 10,12-р хорооны дахин төлөвлөлтийн маргаанд цэг тавина
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа нар Баянзүрх дүүргийн 10,12-р хорооны иргэдтэй уулзлаа. Тус хороодод Жанжин Сүхбаатарын гэрийн буйраас эхлээд дахин төлөвлөлтийн асуудал эрчимтэй явагдаж байна.
10 дугаар хорооны иргэд хог, газрын маргаан, ашиглалтын шаардлага хангахаа больсон байр орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулах, цэцэрлэг сургуулийн өргөтгөлтэй холбоотой санал хүсэлтийг ирүүллээ. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, хашаа бүрдээ мод тарих хүсэлтэй байгаагаа хэллээ.
Тус хороонд Ахмадын өргөө барьж байгуулна. Мөн иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор та бидний сайн мэдэх “Адам & Эва” хөшөөний ойр орчмыг “Extreme талбай” болгож тохижуулна. Мөн газар, авто зам, дэд бүтэц, хогны асуудлыг дүүргийн удирдлагуудад уламжилж, асуудлыг хөндөнө.
12 дугаар хорооны иргэд дахин төлөвлөлт, түгжрэл, автобусны буудлын тохижилт, төрийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ хэллээ.
Тус хороонд байрлах Сүхбаатар жанжны гэрийн буурийг дүүргийн хэмжээнд томд тооцогдох ногоон байгууламж, номын сан болгож тохижуулна. Өрхийн эмнэлэг, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, зам гэрэлтүүлэг гэх мэт бүх тохижилтын ажлыг сайжруулах тал дээр дүүргийн удирдлагуудад асуудал дэвшүүлнэ гэнэ. Мөн Амгалан цахилгаан станцын өргөтгөлийг яаралтай хийлгэж, цэцэрлэг сургуулийн хүртээмжтэй холбоотой асуудлыг хөндөнө.
10,12 дугаар хорооны иргэдийн хамгийн их тавьсан асуудал бол гэр хорооллын дахин төлөвлөлт.
Дахин төлөвлөлттэй холбоотой асуудалд УИХ-ын гишүүд шаардлагатай хууль тогтоомжийг батлах, дүүрэг, нийслэл холбогдох яам, дахин төлөвлөлт хийж буй аж ахуй нэгж, хамрагдсан иргэдийн дунд олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж бүгд нэг ойлголтод хүрэх шаардлагатай гэлээ.
Дээр дурдсан бүх ажлыг хийж хэрэгжүүлэхэд төр-иргэдийн уялдаа холбоо хамгийн чухал. Иргэд төрийн байгууллагаас хийж хэрэгжүүлж буй ажлыг шахаж, хяналт тавьж, хамтран ажиллах хэрэгтэй.