Атрын IV аяны хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авна
2022.03.17

Атрын IV аяны хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугар сарын 16-нд боллоо. 

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж дотоодын хэрэгцээг хангах, ногоо тариалагчдын борлуулалтыг дэмжих, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хадгалалт борлуулалтын иж бүрэн тогтолцоог бий болгох зорилгоор хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн тухайн жилийн ургацаас зах зээлд худалдан борлуулсан стандартын шаардлага хангасан хүнсний ногооны нэг тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.

Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 2022 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар хөнгөлж олгохоор боллоо.
Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2018 оны тогтоолын “Жил бүрийн арвананэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртлэх хугацаанд оройн 22 цагаас өглөөний 06 цагийн хооронд өвлийн хүлэмжийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг 1м2 талбай тутамд 0,768 квт/цагаар тооцон урамшуулж, төлбөрөөс 100 хувь чөлөөлсүгэй гэснийг “Жил бүрийн аравдугаар сарын 15-наас тавдугаар сарын 1-ний өдрийг хүртлэх хугацаанд оройн 18 цагаас өглөөний 06 цагийн хооронд өвлийн хүлэмжийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг 1м2 талбай тутамд 0,768 квт/цагаар тооцон урамшуулж, төлбөрөөс 100 хувь чөлөөлсүгэй” гэж өөрчиллөө.

Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгийн иргэдийн хүнсний ногоо тариалах идэвх, санаачилгыг дэмжиж, хүнсний ногооны худалдаа, тээвэр, логистик, хадгалалтын сүлжээг хөгжүүлж, хөдөөгийн хүн амын хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, тариалалтын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн үр дүнтэй зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.

Мөн тус хуралдаанаас 2021 оны ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, холбогдох стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа 50.4 мянган тонн хүнсний буудайг улс худалдан авч, нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэлээ.    

Засгийн газраас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого”, Атрын IV аяны хүрээнд “ЭХ ОРНЫ ЭРҮҮЛ ХҮНС” уриан дор хэрэгжүүлж, дотоодын зах зээл, ногоочид, тариаланчдаа дэмжих цогц шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдэгдлээ.