Н.Учрал: Мал аж ахуйг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ангилалд оруулах шаардлагатай
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос “Малчдын эрхзүйн байдал, цахим шилжилт” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал УИХ-аас Малчны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж буйг танилцууллаа. Монгол Улсын газар нутгийн 71.2 хувийг бэлчээр, хадлангийн газар, аймаг, орон нутгийн эдийн засгийн 85 хувийг мал аж ахуйн салбараас хамааралтай байна. Түүнчлэн Монгол Улсын нийт ажиллах хүчний 25.5 хувь нь энэ салбарт ажилладаг бол ДНБ-ий 10.9 хувь, экспортын бүтээгдэхүүний 5.6 хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг. Тиймээс нийт 67.3 сая малтай 246.3 мянган өрхийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд уг хуулийн төсөл чухал нөлөөтэйг онцолсон юм.
Монгол Улсад 2010 онд 100.3 сая га талбай бэлчээрийн газар нутаг байсан бол 685 мянга болж буурсан байна. Үүний улмаас бэлчээрийн даац хэтэрч, бэлчээрийн ургамлын бүрэлдэхүүн, ургацад өөрчлөлт оржээ. Тухайлбал, 2050 он гэхэд бэлчээрийн ургац өндөр уулын бүсэд 22.5, ойт хээрийн бүсэд 37.5, хээрийн бүсэд 31.5, цөлийн хээр болон цөлийн бүсэд 7.4 хувиар багасах хандлагатай байгааг УИХ-ын гишүүн Н.Учрал дурдлаа. Тиймээс хуулийн төсөл бэлчээрийн газар нутгийн тулгамдсан асуудал, уур амьсгалын өөрчлөлт, эрсдэл, малчны өөрөө удирдах байгууллагын тогтолцоо, малчны залгамж халааг бэлтгэх, эдийн засгийн чадавх, малын гаралтай бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ цэнийг хамгаалахтай холбоотой заалтыг тусгахаар төлөвлөж байгаа аж.
Тухайлбал, цахим боловсролын системийг сайжруулж, малчны 6-8 настай хүүхдийг цахимаар сурах боломжийг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. Түүнчлэн малчдыг мэдээллээр хангах, залгамж халааг бүрдүүлэх үүднээс Малчдын хөгжлийг дэмжих төв байгуулах боломж байгааг дурдлаа.
Мөн малчны үнэмлэх олгох ажлыг сайжруулж, малчны мэргэжлийн зэрэг олгох, дамтамжтай сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж, шагнал урамшуулалтай холбодог тогтолцоо руу шилжих нь зөв гэдгийг мөн онцолсон юм. Мал сүргийн тархалт, генетик нөөцөд үндэслэн орон нутагт түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах, хотоос мал маллахаар орон нутаг руу шилжиж буй иргэдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл олгох, мал аж ахуйг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ангилалд оруулах шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал онцлов. Хуулийн төслийг боловсруулахдаа малчидтай уулзаж, саналыг нь тусгана гэдгээ тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд дурдав.
Монгол Улс нийт мал сүргийнхээ тоогоор дэлхийд тэргүүлэх 5 орны тоонд ордог ч эдийн засгийн үр ашгийг нь бүрэн хүртэж чадахгүй байгааг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэллээ.
Тухайлбал, Монгол Улсын 67.3 сая мал сүргээс ердөө 4 сая нь үхэр байна. Гэтэл БНХАУ л гэхэд жилд 100 сая гаруй үхэр хүнсэндээ хэрэглэдэг байна. Өөрөөр хэлбэл, хамгийн их эдийн засгийн эргэлтэд ордог мал болох үхрийн тоо толгойгоор дэлхийд 56 дугаарт орж байгаа юм. Энэ нь мал сүргийнхээ бүтцэд анхаарах шаардлагатайг харуулсан хамгийн бодит тоон үзүүлэлт гэдгийг тэрбээр дурдсан юм.
Монгол Улсын нийт малчдын 5 хувь нь 1000-аас олон, 95 хувь нь мянгаас цөөн малтай байна.
Улсын дунджаар нэг малчинд 322 толгой мал ногдож буйг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэллээ. Мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлээгүйн улмаас малын тоо толгой хэт өсөж, нийт газар нутгийн 65-70 хувь бэлчээрийн доройтолд орж, ган, зудад нэрвэгдэх тохиолдол улам бүр нэмэгдэж байгаа юм. Тиймээс мал аж ахуйн салбарыг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэх шаардлага үүссэн гэдгийг тэрбээр дурдлаа. Түүнчлэн сум бүрд малын гаралтай 10 төрлийн бүтээгдэхүүнд ерөнхий дүн шинжилгээ хийдэг лаборатори байгуулах, тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх ажлыг төр, хувийн хэвшил хамтран хийх боломжтой хэмээн үзэж буйгаа хэллээ.
Мал аж ахуйн салбарыг цахимжуулахад харилцаа холбооны дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, иргэд харилцаа холбооны системийг хэрэглэх мэдлэг чадварыг дээшлүүлэх, салбарын яамд цахим системийг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ)-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо илтгэлдээ дурдав.
Монгол Улсын 331 сумын 326 нь шилэн кабелийн сүлжээнд холбогдсон бол энэ онд багтаан үлдсэн сумыг холбохоор төлөвлөж ЦХХХЯ байгаа аж.
Орон нутгийн нийт өрхийн ердөө 17 хувь нь компьютер ашиглаж байгаа нь цахим хичээлээс эхлээд төрийн цахим үйлчилгээ хангалттай хүрэхгүй байгааг харуулж байна. Тиймээс мал аж ахуйн салбарын цахим шилжилтийг хийхэд ХХААЯ-тай хамтран ажиллана гэдгийг дурдлаа.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг Малчны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд тусгах юм.