Хэнтий аймгийн Мөрөн сумын малчин Д.Батхуяг, Д.Эрдэнэцэцэг нар “Улсын аварга малчин” шагналаар шагнагдлаа
2022.02.10

Хэнтий аймгийн Мөрөн сумын малчин Д.Батхуяг, Д.Эрдэнэцэцэг нар “Улсын аварга малчин” шагналаар шагнагдлаа

Хэнтий аймгийн Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Догсомжавын Батхуяг, гэрийн эзэгтэй Дуламсүрэнгийн Эрдэнэцэцэг нар Улсын аварга малчнаар шалгарч, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, сумын удирдлагуудын хамт шагналыг нь гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Малчин Д.Батхуяг нь жил дараалан мал сүргээ өсгөн үржүүлж, 100 эхээс 100-119 хувиар төл бойжуулснаар 2021 оны эцэст 2265 толгой малтай болж, сүрэгт эзлэх хээлтэгчийн хувийн жинг бод малд 41,1-43,1 хувь, бог малд 55,0-55,2 хувьд хүргэжээ. Д.Батхуяг гуайнх төллөсөн эх малаа саалинд бүрэн хамруулж 46,2 мянган литр сүү сааж цагаан идээ боловсруулан зах зээлд борлуулжээ. Тэд сүүлийн гурван жилд цөөн болон огт малгүй 4 өрхийг 1012 толгой малаар малжуулахын зэрэгцээ мал маллах арга ухааныг залуу малчдад зааж сурган гурван шавь малчинтай болсон байна. Намартаа малдаа зориулж, 12,5-17,5 тн байгалийн хадлан хураан авч, өөрийн хүч бололцоонд тулгуурлан гар тэжээл, хужир шүүг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэн ажилладаг. Д.Батхуяг гуай эцэг дээдсээсээ Мөрөн сум нэгдүгээр бригад Бүсийн уулын өвөр, хажуу, шилд жилийн жилд бэлчээрээ хуваарилан малаа өсгөж, ард түмэндээ хүндлэгдэн, залуу малчдадаа арга туршлага, сургаалаа хайрлан аж төрж байна.