Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн ажлын хэсэг хуралдлаа
Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа.
Улсын хэмжээнд 21 аймаг, 213 сум дүүрэгт 23 нэр төрлийн халдварт өвчин бүртгэгдэж, 5935 толгой мал өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Энэ нь нийт малын 0.001 орчим хувь юм.
Монгол улсын баялаг болсон мал, Монгол хүний хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болсон махны чанар аюулгүй байдалд анхаарал тавьж, малын өвчлөлийг даамжруулахгүйн тулд малын эмч нар, МХГ, ОБГ-ын бие бүрэлдэхүүн, төрийн албан хаагчид хорио цээрийн дэглэмд цаг наргүй ажиллаж байна.
Манай улсад нэг малын эмчид 48.6 мянган мал ноогдож байгаа нь олон улсын дундажтай харьцуулахад тав дахин өндөр үзүүлэлт юм. Тиймээс мал сүргийнхээ эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд төр, иргэний хариуцлагатай хамтын ажиллагаа нэн чухал юм.