"Цар тахал ба Хүний эрх" шог зургийн цахим номтой боллоо
2022.02.15

"Цар тахал ба Хүний эрх" шог зургийн цахим номтой боллоо

2021 онд Монголын Эмнести Интернэшнл, шог зураачдын “Шогч бийр“ холбоотой хамтран иргэдийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж, шог зураачдын бүтээлийг дэлхий нийтийн хүртээл болгох зорилготой "Цар тахал ба Хүний эрх" үзэсгэлэнг толилуулсан билээ. Уг үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдийг багтаасан цахим ном бэлэн боллоо.

Өнөөгийн нийгмийн асуудлыг өөр өнцгөөр харж, хүний эрхийн асуудлыг ойлгоход энэхүү "номон үзэсгэлэн" тусална гэж итгэж буйгаа Эмнести Интернэшнлээс онцолж байлаа.

Монголын шог зураачид үеийн үед нийгмийн үнэн төрх, тулгамдсан асуудлыг хөндөж, ёгт байдлаар шүүмжилж, уран бүтээлээрээ дамжуулан хүмүүст эргэцүүлэл, ухаарал хайрлаж ирсэн түүхтэй.

Ковид-19 цар тахал дэлхийн улс орнуудад хүнд сорилтыг авчирч, олон жил ужгирсан тэгш бус байдлыг гүнзгийрүүлсэн. Цар тахлаар далимдуулан хүний эрхийн зөрчлийг даамжруулах явдал газар авч, ард иргэд айдас, бухимдалд автаад буй энэ цаг үед урлагаар дамжуулан бодит байдлыг шүүмжлэн харуулах, хүмүүсийг соён гэгээрүүлэхэд шог зургийн бүтээлүүд чухал ач холбогдолтой. Иймээс энэ удаа “Цар тахал ба Хүний эрх” сэдвийг сонгон авч “Шогч бийр” холбооны уран бүтээлчид бүтээлээ туурвисныг сорчлон хүргэж байгаа билээ.