Хууль тогтоогчдыг Үндсэн хуулийн дагуу шийдвэр гаргахыг Эмнести Интернэшнлээс уриалж байна
2022.01.11

Хууль тогтоогчдыг Үндсэн хуулийн дагуу шийдвэр гаргахыг Эмнести Интернэшнлээс уриалж байна

Дэлхийн олон оронд ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан, иргэний нийгмийн байгууллагууд болон тэдгээрийн хууль ёсны үйл ажиллагаанд оролцож байгаа хувь хүмүүсийн үйлдэлд саад тотгор учруулсан зүйл заалт бүхий хууль тогтоомжийг батлан гаргаж, дарангуй эрх баригчид үүнийг зүй бус зорилгоор ашиглах хандлага нэмэгдэж байгаад Эмнести Интернэшнл санаа зовниж байна.

Иргэний нийгмийн байгууллагыг байгуулах, бүртгүүлэх, шударга нийгмийг цогцлоохын төлөө олон нийтийн болон нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, санхүүжилт хайх, хүлээн авах зэрэг үйл ажиллагааны бүх түвшинд төрөөс зорилгодоо нийцээгүй, үндэслэлгүй, хэр хэмжээнээс хэтэрсэн хяналт тавих явдлыг хуульчлах явдал нэмэгдсээр байгаа бөгөөд одоогоор дор хаяж 48 орон ийм хууль тогтоомж хэрэглэдэг, хэрэглэхийг завдаж байгааг Эмнести Интернэшнл судалгаагаараа тогтоогоод байна.

Иргэний нийгмийн хөгжлийг дэмжихээс илүүтэйгээр үйл ажиллагаа явуулах орчин нөхцлийг нь хязгаарлах, хориглох агуулгатай хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж байгаа нь тэднийг айлгах, сүрдүүлэх улс төрийн хандлагын илрэл гэж үзэхэд хүргэж байна.

Хэдийгээр эрх баригчид үүнийгээ "терроризм, мөнгө угаах явдалтай тэмцэх", “үндэсний аюулгүй байдал, үндэсний онцлог, уламжлалт үнэт зүйлсийг хамгаалах”, “эдийн засгийн хөгжлийг дэмжих” зэрэг олон зүйлээр зөвтгөдөг ч бодит байдал дээр эдгээр хууль, тогтоомжууд нь нийгмийн олон талт шүүмжлэлт үзэл бодол, дуу хоолойг нухчин дарахын зэрэгцээ иргэний нийгмийг Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих боломжид саад учруулдаг билээ.

Үйлдвэрчний эвлэлгүйгээр ажилчдын эрх бүрэн хамгаалагдаж чадахгүй. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудгүйгээр уур амьсгалын өөрчлөлт болон хүрээлэн буй орчны доройтлыг сааруулж чадахгүй байх байсан. Зохион байгуулалттай, тасралтгүй кампанит ажил, нөлөөллийн үйл ажиллагаагүйгээр эрүү шүүлт, цаазаар авах ял хаа сайгүй хэрэглэгдсэн хэвээр байх байсан.

Улсын Их Хурлаар хэлэлцүүлж буй Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг харахад иргэний нийгмийн байгууллагуудыг төрөөс хамааралтай болгохыг эрмэлзсэн нь илт байна. Иргэний нийгмийн байгууллагуудыг төрийн хэт их хяналт, хөндлөнгийн оролцооноос ангид байлгах, хөгжин цэцэглэх, нээлттэй, хараат бусаар нөлөөллийн үйл ажиллагаа явуулах боломж олгоогүй байна.

Иймээс дарангуй дэглэм рүү халтиран орж буй бусад улсын ухарч уруудсан чиг хандлагыг Монгол Улс давтахгүй байж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно хэмээн тунхаглан баталгаажуулсан Үндсэн хуулиа сахин хэрэгжүүлэхийг шийдвэр гаргагч, хууль тогтоогчдод уриалж байна.

Хэлэлцүүлж байгаа эдгээр хуулийн төслийн зохицуулалт нь иргэний нийгмийн байгууллагуудыг улсын бүртгэлд бүртгүүлэх, үйл ажиллагаа явуулахад нь үндэслэлгүй бөгөөд хэт хатуу шаардлага тавих, ялгаварлан гадуурхах, түүнчлэн хууль ёсны шалтгаангүйгээр тодорхой үйл ажиллагаанд хяналт тавих, эсхүл үйл ажиллагааг хангалттай үндэслэлгүйгээр хориглох, үндэсний болон олон улсын санхүүжилтийн гадна үлдээх, Засгийн газрын буруу бодлого, шийдвэр, үйл ажиллагааг эсэргүүцдэг, шүүмжилдэг, эсхүл нийгмийн гадуурхагдсан, эмзэг бүлгүүдийг хамгаалдаг байгууллагуудыг онилох, өргөн эрх мэдлийг засаг захиргааны байгууллагуудад олгох зэргээр иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа, нөөц бололцоо, бие даасан байдлыг улам дордуулсан байна.

Төрийн зүгээс иргэний нийгмийн болон иргэний орон зайн эсрэг чиглэсэн сөрөг үг яриаг хөхиүлэн дэмжих, тэднийг гутаан доромжилсон, дарамталсан, дорд үзсэн буюу ялгаварлан гадуурхсан үг хэллэг ашиглах ёсгүй.

Цаашид, эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлснийхээ төлөө хэн ч эрүүгийн хариуцлага хүлээх, эсхүл аюул занал, хүчирхийлэл, сүрдүүлэг, хавчлага, доромжлол, цээрлүүлэлтийн золиос болох ёсгүй.

Монголын Эмнести Интернэшнлээс иргэний нийгэмд ажиллах таатай эрх зүйн орчин бүрдүүлэхийг хууль тогтоогчдод хандан уриалж байна.

Үүнд:

  • Эвлэлдэн нэгдэх эрхэд нөлөөлөх хууль тогтоомжтой холбоотой асуудлаар тусгайлан иргэний нийгмийн байгууллагуудын байр суурь, дуу хоолойг сонсож хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанд үр нөлөөтэй, бодитой оролцоог хангах, нээлттэй ил тод байдлыг бий болгох
  • Хүн бүр аливаа ялгаварлан гадуурхалтгүйгээр эвлэлдэн нэгдэх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, бүртгэлтэй болон бүртгэлгүй иргэний нийгмийн байгууллагуудыг үйл ажиллагаагаа бодитоор хэрэгжүүлэх нөхцөлийг баталгаажуулах, бүртгүүлээгүй нийгэмлэг холбоог хууль ёсоор хүлээн зөвшөөрч, тэднийг үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд чөлөөтэй явуулах, үйл ажиллагаагаа хүчирхийлэл, дарамт, шахалтаас ангид байдлаар хэрэгжүүлэх баталгааг хангах
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагааг хялбар, хүртээмжтэй, аливаа алагчлал, дарамтгүй болгож мэдэгдэл хүргүүлэн бүртгүүлэх боломжийг олгох
  • Бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзсан тохиолдолд ийнхүү бүртгэхээс татгалзсан үндэслэл, тайлбарыг цаг алдалгүй бичгээр өгөх, уг асуудлаар шударга, хараат бус шүүхэд давж заалдах хууль ёсны эрх олгосон хууль тогтоомж батлан гаргах
  • Иргэний нийгмийн байгууллагууд өөрийн дүрэм, бүтэц, үйл ажиллагааг чөлөөтэй тодорхойлж, төрийн оролцоогүйгээр шийдвэр гаргах, түүний дотор үндэсний болон олон улсын холбоо байгуулах буюу түүнд нэгдэх эрхийг хүлээн зөвшөөрөх
  • Иргэний нийгмийн байгууллагуудад урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр дотоодын болон гадаадын санхүүжилт авах боломжийг хангах
  • Хэн ч эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлснийхээ төлөө гэмт хэрэгт буруутгагдах, хүчирхийлэл, дарамт шахалт, хавчлага, айлган сүрдүүлэлт, буюу халдлагад өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх юм.