Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтлэх эрхийн цаана бусдын үнэн бодит мэдээлэл авах эрх хөндөгдсөөр байна
2022.01.14

Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтлэх эрхийн цаана бусдын үнэн бодит мэдээлэл авах эрх хөндөгдсөөр байна

Хууль тогтоогчид, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарын төлөөллүүдийг оролцуулсан Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө-30 жил” сэдэвт хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Тамгын газар, Хэвлэлийн хүрээлэн хамтран өнөөдөр (2022.01.12) зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн дараа УИХ-ын гишүүн Н.Учрал цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Монголчууд бид Ардчилсан Үндсэн хуулиа өлгийдөн авсны 30 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Ардчиллын бодит үнэ цэн болсон үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийн талаар дүгнэн ярилцаж, нэн ялангуяа цахим орчин үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийн зүй зохистой байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг бид ярьдаг ч үнэн бодит мэдээлэл олж авах, мэдээлэлтэй байх эрхийн талаар хөндөхгүй байдаг нь харамсалтай. Өнөөдөр би өөрийн цахим орчинд сонссон дуулсан зүйлээ бусадтай хуваалцах нь миний эрх боловч тухайн мэдээллийн үнэн бодит байдал, худал хуурмаг эсэхээс шалтгаалан бусад иргэдийн үнэн бодит мэдээлэл авах, мэдээлэлтэй байх эрх зөрчигдөж байдаг гэдгийг бид мартаж болохгүй.

Нийтийн мэдээллийн тухай хуулийг бид баталсан. Тус хуулиар нийт 5 төрлийн 68 төрлийн мэдээллийг нийтэд нээлттэй болгохоор хуульчилж өглөө. Мэдээлэл ил тод байх ёстой ч нөгөөтэйгүүр хүний хувийн мэдээллийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарна.

Үүнтэй холбоотойгоор Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг ч мөн баталж энэ оны 5-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Уг хуулийн дагуу хүний хувийн мэдээллийг хувь хүн өөрөө төдийгүй мэдээллийг ашиглаж, боловсруулахаар олж авсан хариуцагч мөн адил хамгаалах үүрэг хүлээж байгаа бөгөөд өмнө нь үйлчилж байсан Хувь хүний нууцын тухай хуулийн концепцоос илүү давуу болсон гэдгийг энд зориуд цохон тэмдэгльеээ. Хүний хувийн мэдээллийг ашиглах, боловсруулах тохиолдолд тухайн хүнээс зөвшөөрөл авдаг байх тогтолцоог мөн хуульчилж өглөө" гэжээ.