Засгийн газар, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүллээ
2021.12.07

Засгийн газар, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүллээ

Нийслэлийн 266 цэцэрлэгийн 3399 ажилчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар СӨБ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, СӨБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг нар болон ҮЭ-ийн хороодын зарим дарга нар оролцов.

Төрийн үйлчилгээний 1-3 зэрэглэлийн ажилчдыг орон нутагт шилжүүлэх ажил 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан боловсролын салбарт хөдөлмөр эрхэлж байгаа ажилчдын ажлын байрны баталгаа, нийгмийн асуудал алдагдах зэрэг хүндрэл бэрхшээл үүсэх эрсдэлтэйг хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа.

СӨБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг:

 Д.Саранцэцэг “Улаанбаатар хотын хувьд 266 цэцэрлэгийн 3399 ажилчид ажлын байрандаа санаа зовнин сэтгэлийн дарамттай ажиллаж байгаа. Эдгээр ажилтны ихэнх нь 40-өөс дээш настай хүмүүс бий. Тэдний үндсэн цалин нь 470.000-550.000 төгрөг байдаг. Ийм бага орлоготой учир цалин нь амьдралын баталгаа, нийгмийн асуудлаа шийдэхэд хүрэлцдэггүй. Гэсэн ч ажилласаар байгаа гол шалтгаан нь баталгаатай ажлын байртай, тэтгэвэрт гарахдаа ажилласан жилээсээ хамаарч 2.000.000- 20.000.000 төгрөгийн тэтгэмж авна гэсэн итгэл.

2019 оноос эхлэн тэтгэмж олгох Засгийн газрын тогтоол гарсан. Засгийн Газар, Улсын Их Хурал холбогдох газрууд шийдвэр гаргахдаа  ажилчдын  эрх ашгийг хамгаалдаг байгууллага болох ҮЭ болон  өөрийнхөө ажлыг чөлөөтэй сонгох эрх бүхий ажилчдын саналыг сонсохгүй, ажилчдын ажил олгогчийг нь цаанаас   томилж, хууль зөрчсөн  шийдвэр гаргаж байгаад үнэхээр харамсаж байна.

Иймээс Засгийн газар, УИХ-ын гишүүдэд гаргах шийдвэрээ нээлттэй хэлэлцүүлж, тодорхой тайлбарлаж ажилчдыг, ард түмнээ төрдөө итгэх итгэлтэй байж өөрсдийнхөө хүлээсэн үүргээ эрхийнхээ хүрээнд явуулахыг шаардаж байна. Дээрх асуудлыг ямар хуулийн хүрээнд ямар зорилготой гаргаж байгаагаа 12-р сарын 14-ний дотор хэвлэл мэдээллээр болон холбогдох албан тушаалтан ҮЭ-ийн байгууллагад мэдэгдэж  мэдээлэл өгөхийг шаардаж байна” хэмээв.