Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн тамирчдаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн ШШГЕГ-ын харьяа “Сүлд спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ, ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны ахлах дасгалжуулагч, Цагдаагийн хошууч, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг нарыг өнөөдөр /2021.11.11/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Тэрээр “Өнөөдөр хууль зүй, дотоод хэргийн салбарын маань хоёр тамирчин Монгол Улсын хөдөлмөрийн баатар гэх эрхэм хүндтэй төрийн дээд шагналаар шагнагдлаа. Энэ нь тус салбарт ажиллаж буй 26 мянга гаруй албан хаагчдад урам зориг өгч, омогшил төрүүлсэн сайхан үйл явдал боллоо. Бид энэхүү түүхэн үйл явдлын гэрч болсондоо баяртай байна. Олимп наадмын тив дэлхийн дэвжээнд Монгол төрийнхөө алтан соёмбот далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн тамирчдаараа бид бахархдаг. Ялангуяа хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 32 дахь удаагийн зуны Олимп “Токио-2020” наадамд тамирчин хүний авхаалж самбаа, тэсвэр хатуужлаар өрсөлдөн бахдам амжилт гаргасныг тань өнөөдөр Монголын төр ийнхүү үнэллээ. Энэ бүх амжилтыг гаргахад хамт байлцсан гэр бүл, хамт олон, найз нөхөд тань хувиасаа болон нийт салбарынхаа хамт олны нэрийн өмнөөс дахин халуун баяр хүргэе” гээд цаашид оролцох тив дэлхийн тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ.