Төрийн өмчийн хорооны гурван үеийг дүгнэсэн баярын хурал боллоо
Өмч хувьчлалын 30 жил, Төрийн өмчийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллага-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 25 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2021.11.04/ боллоо. Баярын хуралд үе үеийн удирдлагууд, ахмадууд, Төрийн нарийн бичгийн дарга нар, Нийслэл болон Орон нутгийн өмчийн газрын дарга нар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоот аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо. Өмчийн хэлбэрийг хуульчлан тогтоож, иргэн бүр өмчтэй байх, өмчийнхөө үр шимийг хүртэх чухал үйл явдлын амжилт бүтээлийг дүгнэсэн, алдаа оноог шүүн тунгаасан, өнгөрөгч 25 жилийн үйл ажиллагаагаа дүгнэн, баяр талархлаа илэрхийлсэн хурал болсон юм.
Тэртээх 1996 онд Төрийн өмчийн хороо байгуулагдаж байх үед ажиллаж байсан буурлууд, тэдний залгамж халааг өвлөж авсан мэргэжилтнүүд, залуу үеийн төлөөлөл гэсэн гурван цаг, гурван үеийнхэн нэг дор цугларсан байлаа. Төрийн өмчийг хамгаалах, үр өгөөж, ашиг шимийг нэмэгдүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, зүтгэж байгаа тэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын түүхийг бүтээлцсэн эзэд билээ.
Ийнхүү ойн баярын арга хэмжээг нээн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Болдын Цэнгэл үг хэлж, Өмч хувьчлалын үйл явц, сургамж, цаашид анхаарах асуудлуудын хүрээнд илтгэл танилцуулав.
Илтгэлдээ “Өмч хувьчлалын талаар монголчууд сөрөг бодол тээж явдаг нь нууц биш. Гэвч эдийн засгийн ашгийг дээшлүүлэхийн тулд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг халж, Монгол хүн өмчтэй байх, түүнийхээ үр шимийг хүртэж, өсгөхөд өмч хувьчлалын үйл явц чухал ач холбогдолтой болсон”-ыг онцлов.
Өөрийн сурсан мэдсэнээ бусдад түгээж, цаашид анхаарах зүйлийг өгүүлж, зөвлөгөө өгсөн зочны нэг нь Төрийн өмчийн хорооны даргаар 2006-2012 онд ажиллаж байсан өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн Дуламын Сугар. Тэрбээр “Зах зээлийн эдийн засгийн харилцаа шилжих асуудал эрх зүйн болон онолын түвшинд байлаа. Үүнийг бодитой болгох ажлыг Төрийн өмчийн хороо хийсэн. Хувьчлалын аргаар хувийн өмчийг бий болгосон гэсэн үг. Ирээдүйд анхаарууштай хэдэн зүйл хэлье. Нэгдүгээрт өмчийн харилцаанд оролцох төрийн өмчийн төлөөллийг тусад нь шийдэж, тодорхой болгох хэрэгтэй. Энэ нь бие даасан агентлаг байж ч болно. Харин яамдын хувьд өмчийн хэлбэр харгалзахгүй мэргэжлийн бодлогоо баримтлах ёстой. Хоёрдугаарт, “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг томоохон компаниудыг нээлттэй болгож, хувьцааг нь олон улсын зах зээлд гаргах хэрэгтэй” хэмээв.
Ирсэн зочдын илтгэл, талархлын үгийн хажуугаар уртын дуу, морин хуурын хөг аялгуугаар зочдын сонорыг мялааж, их танхим халуун алга ташилтаар үл тасарна. Уртын дуучин, МУСТА Д.Үүрийнтуяа, МУСТА Б.Алтанжаргал, МУГЖ С.Ганзориг, Э.Дашням, “Увертура” хамтлагийнхан ая дуугаа өргөн барьсан бөгөөд “DANCE CHANCE” хамтлагийн бүжигчид хөнгөн хөгжмийн хэмнэлд уян налархай бүжиж, үзэгч олныг баясгасан юм. Морин хуурын хөг аялгуугаар Түмэн агтны төвөргөөн, Аравт киноны зохиолыг хөгжимчин, МУСТА Д.Шинэцог эгшиг яруу тоглож хурсан олныг баясгалаа.
Улс орны эдийн засгийг нуруундаа үүрч яваа төрийн өмчит 106 аж ахуйн нэгжид 54415 хүн ажиллаж буй. Үүнээс харилцаа, холбооны салбарыг төлөөлж, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн захирал Ч.Золбаяр “Манай компани 2006 онд Төрийн өмчийн хорооны 100 хувийн эзэмшилд байгуулагдаж байсан. Энэ онд компанийн маань 15 жилийн ой тохиож байна. Бид жил бүрийн бизнес төлөвлөгөөгөө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулж ажилладаг. Сүүлчийн таван жилийн хугацаанд компанийн зорилтот төлөвлөгөөг хангалттай биелүүлэн ажиллаж байгааг тоо баримтаас харж болно. Төрийн өмчийн хороо болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үе үеийн удирдлага, ахмад ажилтнууд, хамт олондоо баярын мэнд хүргэе” гэлээ.
Эл өдөр хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлж, Монгол Улсын дээд одон медаль, салбарын шагнал хүртсэн цөөнгүй албан хаагч байлаа. “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-оор Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Алтан гадас одон”-оор Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд тэргүүтэй 7 албан хаагч шагнагдсан. Салбарын шагнал, хүндэт жуух бичгээр 9 албан хаагч, Үндэсний худалдаа үүсэж хөгжсөний 100 жилийн ойн “АЛТАН-ОД” одонгоор 2 ахмад, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын “Хүндэт жуух бичиг”-ээр 5 хүнийг тус тус шагнасан юм.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын “Хүндэт жуух бичиг”-ээр шагнуулсан Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Оюунгэрэл “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 25 жилийн ой, Өмч хувьчлалын 30 жилийн ойн мэндийг салбарынхаа нийт ахмадууд, ажилтнууддаа хүргэе. 1999 онд УИХ-ын тогтоолоор орон нутагт өмч шилжүүлсэн бөгөөд Орхон аймагт орон нутгийн өмчийн алба байгуулагдсан. Энэ цаг үеэс тус албанд мэргэжилтэн, тасгийн дарга, газрын даргын албан тушаалыг хашиж байна. 1999 онд 16.6 тэрбум төгрөг шилжиж ирж байсан бол өнөөдөр 430 тэрбум болж орон нутгийн өмч өссөн дүнтэй байна” хэмээн салбарын ололт амжилтыг дүгнэсэн юм.