2012.07.18

Хэлэлцээ өнөөдөр үргэлжилнэ

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, эвслийн Засгийн газар байгуулах асуудлыг хэлэлцэн ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар эрхэм гишүүн Х.Баттулгыг томилсон байна. Гишүүдээр УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ нар ажилласан юм. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээ хийх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Улааныг ахалж, гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг, Л.Цог, М.Сономпил, Д.Батцогт, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нарыг сонгосон байна.

Х.Баттулга, Ч.Улаанаар ахлуулсан Засгийн газар байгуулах ажлын хэсэг өчигдөр хэлэлцээрийн ширээнд суусан ч өнөөдөр үргэлжлүүлэхээр болсон юм.  Ажлын хэсгүүд эхний уулзалтаараа хийх ажилтайгаа танилцжээ. Тэд өнөөдөр 10.00 цагаас хэлэлцээгээ үргэлжлүүлж, тус тусын боловсруулсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг солилцож, үзэхээр болсон байна.  “Шударга ёс” эвслээс өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан. Энэ үеэр   Д.Тэрбишдагва яагаад хамтарч Засгийн газар байгуулах болсон талаар эхлээд мэдээлэл хийсэн юм. УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд дангаараа олонх болсон улс төрийн хүчин гараагүй тул хамтарсан Засгийн газар байгуулах хэрэгтэй болсныг тэрбээр тайлбарлав. Иймээс УИХ-д хамгийн олон суудал авсан АН өчигдөр ҮЗХ-ны хурлаа хийж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулах санал гаргаж, эвсэлд ирүүлсэн. Тэр саналыг эвсэл хүлээн авч 15.00 цагт АН-тай хэлэлцээрт орох гэж байна. Хэлэлцээр хийх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилж, гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг, Л.Цог, М.Сономпил, Д.Батцогт, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нарыг сонгосон гэлээ.

“Шударга ёс” эвсэл нийгэмд таван хувьсгал хийх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Тэр хөтөлбөрт АН-ын мөрийн хөтөлбөртэй давхцах зүйл олон байгааг мөн онцолсон юм. Ажлын хэсгийнхэн Засгийн газрын  мөрийн хөтөлбөр дээр ажиллах төсөл гаргаж байгаа юм байна.

Эвсэл одоогоор УИХ-ын дэд даргад хэний нэрийг дэвшүүлэх талаар тохироогүй байгаа аж. Яамдын бүтцийн хувьд аль болохоор орон тооны давхардалгүй байх ёстой гэж үзжээ. АН-тай хийх хэлэлцээрийн үед илүү тодорхой ярилцана гэлээ. Монголын эдийн засаг өргөжиж байгаа үед салбаруудыг дагнасан бүтэц бий болгохыг үгүйсгэхгүй. Хэлэлцүүлгийн явцад шийднэ гэж байв. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн бол Ерөнхий сайдын мэдлийн асуудал, механикаар цомхон бол сайн, олон бол муу гэж бас хэлж болохгүй гэж гишүүн Н.Батцэрэг хэлж байсан юм.

Үндсэн хуулийн Цэц дээр байгаа Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нарын эвслийн гурван хүнтэй холбоотой асуудлын хувьд аль болох хурдхан шийдэх ёстой хэмээн эвслийн зүгээс үзэж байгаа ажээ. Прокурорын биед халдсан асуудлаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн бүрэн эрхийг түдгэлзүүлж болзошгүй гэсэн яриа гарч байгаа талаар асуусан сэтгүүлчийн асуултад гишүүн Д.Тэрбишдагва “Тэр яриа бор шувуу юу, хаа нэгтээгээс шидсэн чулуу юу гэдгийг мэдэхгүй байна” хэмээн хариулснаар хэвлэлийн бага хурал өндөрлөв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.