Женког дэмжиж байна, Харин Х.Баттулгыг бол ...
2011.08.22

Женког дэмжиж байна, Харин Х.Баттулгыг бол ...

  • Нэгэн цагт өмсөж байсан жүдогийнхоо өмсгөлтэйгээ залуусын дунд нэгдэн зогссон нь нэг талын бахархмаар.

Би бол хувь хүн, Монгол Улсын иргэн. Зүгээр л үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн жирийн нэг Монгол хүн. Миний хувьд нэг хүнийг их хүндэлдэг бас үнэлдэг юм. Хааяа үзэн ядах нь ч бий.

Тэр бол Женко Баттулга хэмээх нэрээрээ олонд танигдсан УИХ, Засгийн газрын гишүүн, ЗТБХБ-ын сайд, Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч, Женко группын эзэн гээд тоочоод байвал алба ажил ихтэй, амжилт ололт ч арвинтай нэгэн. Энэ хэрээрээ тэрээр олонд танигдсанаа илэрхийлж буй.

Гэвч Женко Баттулга хэмээх нэрийг тус тусд нь авч үзмээр, дүгнэмээр болох юм. Женког бол хүн бүр сайн мэднэ. Олон жилийн өмнөөс ч мэднэ. Бүр Жүдо бөхийн Улсын шигшээ багт байсныг нь ч хүмүүс одоо болтол тодоос тод санаж байгаа байх. Харин УИХ-ын гишүүн болсоноос нь хойш бол түүнийг улстөрчийн талаас нь л хүмүүс харж дүгнэх болсон гэвэл надтай маргах хүн цөөхөн байх гэж найдая. Саяхан телевизээ үзэж байгаад эртний Женког нэг харах шиг боллоо. Залуу халуун насандаа эргээд очсон юм шиг л улсынхаа жүдо бөхийн шигшээг өөрийн биеэр дасгалжуулж, хамт бэлтгэл сургуулилт хийж байгаа нь ямарч хүнд энэ чинь УИХ-ын гишүүн, сайд Баттулга мөн үү гэж асуутал нь гайхашруулах шиг болсон. Нэгэн цагт өмсөж байсан жүдогийнхоо өмсгөлтэйгээ залуусын дунд нэгдэн зогссон нь нэг талын бахархмаар.

Хажуу шанаагаар нь хөлс нь дусалж байсан ч бэлтгэлээ хийсээр л байсан нь түүнийг эгэл хүн болохоос эрхэс дээдэс биш гэдгийг илтгэсэн гэхэд болно. Мөн тэрээр зөвхөн хамтран зүтгээд, хөлс хүчээ дуслуулаад зогсохгүй дэлхийн аваргын дэвжээ рүү улсынхаа шигшээ багийн тамирчдаа санхүүгийн талаас нь бүрэн дэмжсэн гэж бодохоор бас л нэг Женког дэмжихгүй байхын аргагүй байх нэг шалтгаан. Энэ нь ч түүний хамгийн том баяр нь болж Дэлхийн аваргаас алтан медалийг эх орондоо авчруулж чадсан.

Яг л бизнесийн салбарт хөл тавьж, амжилтын төлөө алхам ч ухралгүй, алдаа оноондоо өчүүхэн ч гутралгүй зүтгэж явсан тээр нэг үе нь эргээд ирсэн мэт санагдсан байх даа гэж тухайн үед би бодож суусан юм. Гэхдээ тэр эргээд л Баттулга болох хэрэгтэй. УИХ, Засгийн газрынхаа ажилд орж, бичиг цаасны ажилтайгаа эргээд л зууралдах шаардлагатай. Энэ бол түүний үүрэг. Түүний энэ ажлыг дэмжих нэгэн ч байна, үгүйсгэх өөр нэгэн ч бий. Би ч зарим нэг ажлыг нь үгүйсгэж байсан удаатай. Одоо ч Женкод биш Баттулга сайдад нэг иргэний гомдолоо хүргүүлмээр байна. Бүтээн байгуулалт, хөгжилт цэцэглэлт гээд Барилга хот байгуулалтдаа та үнэхээр сайн анхаарч байгаа нь үнэн.

Монголд олон мянган айлын орон сууцууд ар араасаа ашиглалтанд орж л байна. Харин надад бас над шиг өөр хэн нэгэнд тэр олон мянган орон сууцны чинь нэг өрөө байрыг нь ч авч дийлэх мөнгө алга байна шүү дээ. Зах зээлтэйгээ жаахан нийцүүлээд арай хямд орон сууцыг ашиглалтанд оруулах талаас нь та нэг анхааралдаа авч үзээч. Хорин жил цалингаа хоёр өрөө ч хүрэхгүй байранд өгчихөөд хоол ундаа хасаад байхыг хэн хүсэх юм бэ Баттулга сайд аа. Цалин пүнлүү маань өндөр байсан бол ч одоогийн орон сууцнуудын үнэ хөлс болж л байна л даа. Гэхдээ өндөр цалин авдаг хүн хэд билээ, дундаж орлоготой иргэд хэр олон билээ дээ. Та нэг бодоод үзээрэй. Болохгүй гэвэл би одоо яах вэ дээ, бор овоохой доо л боорцог, борц хоёртойгоо өнжихөөс...

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.