Нийслэлийн ойгоос мод бэлтгэж байгаад хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо
НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр цахимаар хуралдлаа. Хурлаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, “Орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦХ ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн ойгоос 2021 онд бэлтгэх модны хэмжээг батлах тухай, Соёлын өв, түүхийн дурсгалт газруудын жагсаалтыг батлах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан.
Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 133 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн өмчид дөрвөн барилга, байгууламж бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай асуудлыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраа нар танилцууллаа.
Нийслэлийн ойгоос 2021 онд 4400 шоо метр мод бэлтгэн, иргэдийн түлээ болон хэрэглээний модны хэрэгцээг хангахаар төлөвлөжээ. Цэвэрлэгээний огтлол, ойн цэвэрлэгээг хийснээр ойн экологийн төлөв байдал сайжирч, түймэр, ойн хөнөөлт шавж тархах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Ойн цэвэрлэгээний огтлол болон ногоон бүсэд оршин суугч айл өрхийн гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн төсөвт 20 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн ойгоос мод бэлтгэж байгаад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болголоо.
Улс, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа соёлын өв, түүхийн дурсгалт газруудыг мэргэжлийн байгууллага тогтоож, жагсаалтыг батлахаас гадна засвар шинэчлэл, арчлалт хамгаалалтын асуудалд анхаарах хэрэгтэйг НИТХ-ын Тэргүүлэгчид онцолсон юм. Учир нь хувийн эзэмшилд байгаа соёлын өвд бүртгэлтэй байгууламжийг нураасан хэрэг гарчээ.