2021.01.19

QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээнэ

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг өчигдөр буюу энэ сарын 18-нд Сүхбаатар дүүрэгт байрладаг зарим худалдаа, үйлчилгээний төв, зоогийн газрын QR кодын хэрэглээнд шалгалт хийжээ.

QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үүрэг өглөө.

Шалгалтад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад байрладаг “Миний сүлжээ”, тус дүүргийн 12 дугаар хороонд байрладаг "Сансар 32" салбар дэлгүүр болон Их тойрууд байрладаг "Chinese" зоогийн газрыг хамруулсан юм.

Энэ үеэр "Миний сүлжээ" дэлгүүрийн үүсгэсэн QR уншигдахгүй байх, "Сансар" сүлжээ дэлгүүрийн QR код уншуулсан бүртгэл 200 гаруй байсан бол кассын гүйлгээгээр 1000 гаруй хүнд үйлчилсэн зөрчил илэрсэн байна. Харин Chinese ресторан кассын гүйлгээн дээр 200 гаруй хүнд үйлчлүүлсэн мэдээлэлтэй бол QR бүртгэлийг ердөө нэг хүнд хийсэн зөрчил илрэв.

Тиймээс дээрх үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хааж, зөрчлийг нь арилгуулсны дараа нээх үүргийг холбогдох албаныханд өглөө.

Нийслэлээс зүгээс өргөтгөсөн шалгалтыг эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах аж.