Нийслэл шинэчлэгдэж байна
Өмне нь хуулиараа Нийслэлд төсвийн боломжууд бага байлаа. Тэгвэл жил бүр 40 мянга гаруй хүн шилжин ирж суурьшсаар албан бус тоогоор хоёр сая орчим иргэн өвөлжиж байгаа ч нийт газар нутгийнхаа ердөө 5 орчим хувийг эзлэн оршдог Нийслэлд эрх зүйн шинэ орчин шаардлагатай болсон юм. Улмаар Нийслэлийн эрх зүйн тухай хууль батлагдсанаар төсвийн олон талт боломжууд нээгдэх болов.
Нийслэлийн нийтлэг асуудал бол түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, агаарын бохирдолтой тэмцэх, инженерийн шугам сүлжээг өргөтгөх, үер ус, ногоон байгууламж, нийтийн тээвэр, зам, сургууль, цэцэрлэг гээд олон, олон асуудал бий. Харин эдгээрийг НИТХ-аар хэлцэлцэж, шийдвэрлэхэд МАН-ын бүлэг ихээхэн үүрэгтэй явж ирлээ. Олны мэдэж байгаа томоохон ажил гэвэл нийтийн тээврийн паркыг 1119 автобусаар шинэчилж, дүүжин тээврийн суурийг тавьж, метроны төслийг эхлүүлж, Хүүхдийн паркийн ногоон байгууламжийн хэсэг, Урт цагааны гудамж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг нийслэлийнөмчид авч цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаагаас гадна холбоос зам, нүхэн гарцууд, "Хашаа", "Гараж" ажиллагааг нэрлэж болох юм.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, НИТХ-аас Нийслэлийн засаг даргад эрхийг нь олгосноор гадаад, дотоод бонд гаргах боломжтой болов. Гадаад бондоороо гэр хорооллыг орон сууцжуулах Сэлбэ дэд төвийн хүрээнд 72000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж 162 га талбайг чөлөөлөхөд 250 тэрбум төгрөг тусгасан бол Баянхошуу дэд төвийн хүрээнд 450 айлын орлогод нийцсэн ногоон орон сууц төсөл, Шархад дэд төвд мен 430 айлын ногоон орон сууц төсөл хэрэгжиж байна. Харин дотоод бондоор их, бага тойруу дахь зам засварын ажил хийгдэнэ.
Харин Баянгол дүүргийн хувьд сургууль, цэцэрлэг тулгамдсан асуудал болоод буй. Тойрог маань маш их байшин хорооллуудтай. Гэвч өдий хүртэл бид сургууль, цэцэрлэггүй барьж ирсэн нь хамгийн том алдаа. Үнэндээ хүүхдээ *1-р хороолол"-оос Нэгдүгээр сургууль руу зөөж байгаа нөхцөлд түгжрэл буурна гэж байхгүй. Тиймээс БГД-т харьяалагдах "Нарны хороолол" доторх 141-р сургуулийн өргөтгөлийг барьж дуусгаснаас гадна "Алтай" хотхон, "Эрин" хороолол, "Материал импекс"-ийн орчимд сургууль, цэцэрлэгийн газрыг шийдсэнээр барилгын ажил эхлэх боломжтой боллоо.
Мен түгжрэлийг бууруулахын тулд "Хашаа" арга хэмжээ, 84 байршилд 41.5 мянган га талбайд явган хүний зам тавьсан нь түгжрэлийг сааруулахад ихээхэн нөлөөтэй ажил болжээ. БГД-ийн "Нарны хороолол"-оос "М Ойл" ШТС хүртэл төв замыг давуулан гүүрэн гарц барьж, "Алтай" хотхоноос "Нарны хороолол"-ыг холбосон гүүрэн гарц, "Нарны гүүр"-ээс "Говийн зам" руу чиглэсэн автозамыг барьсан нь түгжрэлийг бууруулах бас нэг алхам юм. Мөн "Гараж" арга хэмжээний хүрээнд 3000 гараж буулган 3х3 сагсан бөмбөгийн талбай, зүлэгжүүлэлт хийлээ. Хороо бүрд хүүхдийн тоглоомын талбай, байрны фасад, дээвэр гээд тойрогт хамаарах энэ бүх ажилд БГД-ээс сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн хувьд 200 тэрбум орчим төгрөг төсөвлүүлэн гүйцэтгүүлжээ.
Мөн олон улсын стандарт бүхий хамгийн том наркологийн эмнэлэг баригдах зэрэг олон ажил төлөвлөгдөөд байна. Түгжрэлийн тухайд БГД-т дээрх ажлуудыг хийсэн бол Нийслэлд Яармагийг "1-р хороолол"-той холбох гүүрэн зам энэ Зургаадугаар сарын 1-нд ашиглалтад орох бол *5 Шар"-ын төмөр замын гарц доогуурх нүхэн гарц мөн ашиглалтад орох гэж байна. Боловсролын салбарыг мөн онцлох хэрэгтэй. Энэ салбарт Нийслэлийн хэмжээнд 2024 оны байдлаар 807.1 тэрбум төгрөгийн өртөгтэй 165 төсөл хэрэгжиж буй.
Дүүрэг, Нийслэлд хамаарах лифтээс авахуулан гадна фасад, метро, төв цэвэрлэх байгууламж хүртэлх их, бага энэ мэт олон ажилд НИТХ тэр дундаа МАН-ын бүлэг түлхэц, дэмжлэг үзүүлснээр НИТХ-аас дэвшүүлсэн 332 ажил бүхий Мөрийн хөтөлбөр 90.1 хувийн биелэлттэй гэж дүгнэгдлээ. Цаашдаа Нийслэлийн асуудлыг илүү төгөлдөржүүлэх үүднээс дүүрэг, хороодын эрх мэдлийг нэмэгдүүлэхээр ИТХ-аар шийдвэрлээд байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn