ЭЗБХ: Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжлээ
2021.04.28

ЭЗБХ: Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.28) хуралдаан 10 цаг 07 минутад 12 гишүүний ирцтэйгээр эхэлж, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг зөвшилцөж, төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд КОВИД-19 цар тахалтай тэмцэх хүрээнд эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, халдварын тархалтын эрсдэлийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс сэргийлэх, бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх; цар тахлын нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн. Улсын төсвөөс эдгээр арга хэмжээнд шаардлагатай эх үүсвэрийг хуваарилан ажиллаж байгаа хэдий ч цар тахлын тархалтын эрсдэлийг бууруулах, нэн ялангуяа “өндөр эрсдэлтэй” бүлэгт хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэхэд гадны нэмэлт санхүүжилтийн дэмжлэг шаардлагатай хэвээр байгаа гэв. Түүнчлэн цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад үргэлжлүүлэн бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлагатай байгаа аж.

 Иймд цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын нийгэм, эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг дэмжих зорилгоор “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт” оруулах шаардлагатай талаар Б.Жавхлан сайд танилцууллаа. 

Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх, давхардлыг арилгах; цар тахлын эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний хэрэпжилтийг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулахаар танилцуулсан.

    Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 300.0 сая ам.доллар баталж, үүнээс 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн хөтөлбөр, цар тахлын нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 26.4 сая ам.долларын төсөл, нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмжийг худалдаж авахад чиглэсэн 30 сая ам.долларын төслийг тус тус батлуулан хзрэгжүүлж байгаа юм байна. Үлдсэн эх үүсвэрээр “КОВИД-19-ын эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл” болон төсвийн дэмжлэгийн хөтөлбөр болох “Эрүүл мэндийн аюулгуй байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх юм.

    Хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлуулснаар 170.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг ашиглах боломж бүрдэнэ хэмээн Сангийн сайд танилцуулсан.

    Хөтөлбөрийг хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 2 хувь гэлээ. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь зургаан сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байна гэлээ.

    Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, үг хэлэв.

    Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь  Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.