Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдлаа
2020.04.10

Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн \2020.04.10\  хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

АБГББХ-ны санал дүгнэлтйг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав. 

Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Монгол Улсад COVID-19-аас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл нь Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг, чанартай, шуурхай хүргэхэд тусгайлан бэлтгэсэн эмнэлгийг бүх шатанд бэлтгэхэд чиглэжээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн 3 эмнэлэг, есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээтэй тулгарсан байна.

Шинэ коронавирустай тэмцэхэд зориулж Дэлхийн банкнаас шаардлагатай орнуудад нийтдээ 14 тэрбум ам. долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд манай улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам долларын өртөг бүхий “Монгол Улсад COVID-19-аас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг хэрэгжүүлж, санхүүжилтийн хэлэлцээрийг Дэлхийн банктай байгуулахаар болжээ. Санхүүжилтийн 13.1 сая ам.долларыг Олон улсын хөгжлийн ассоциациас олгох бөгөөд зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 тус тус байх аж. Харин үлдсэн 13.8 сая ам.долларыг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох болсон байна. 

Харин Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн танилцуулгад, Монгол Улсад хотын төвлөрсөн дулаан хангамжийн систем нь анх 1959 онд үүсгэн байгуулагдаж 61 дэх жилдээ ашиглагдаж байгаа, дулаан цахилгаан хослон үйлдвэрлэдэг 3-н станц (ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4), дулааны 1 станц (Амгалан дулааны станц)-д үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчээр хэрэглэгчдийг хангаж байна. Дулааны эрчим хүчний эрэлт жилд 5- 8 хувиар тогтмол нэмэгдэж байгаатай холбогдуулан одоо байгаа шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй болж хүчин чадлын дутагдалд орсноос гадна нийт шугам тоноглолын 40 хувийнх нь ашиглалтын хугацаа 20-30 жилээр хэтэрч гэмтэл саатал ихээр гарч дулаан хангамжийн тасралтгүй, найдвартай байдлыг алдагдуулсан байна. 

Эхний ээлжинд ДЦС-3-т үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, Зг магистралийг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр татах ажлуудыг хийх, Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 41.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохирчээ. Зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй аж. 

Түүнчлэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Тогтвортой амьжиргаа-3” төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл нь Дэлхийн банкны Олон Улсын Хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх аж. 2002 оноос хойш хэрэгжүүлж буй "Тогтвортой амьжиргаа" төслийн 1, 2 дугаар шатны хүрээнд орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулахад нийт 65.7 сая ам.долларын төсөл хэрэгжижээ.

Төслийн үр шимийг 1,443,718 иргэн хүртсэн байна. “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь 2014 оноос хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) үйл ажиллагааны журам, холбогдох хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг сайжруулан боловсруулж, батлуулж, мөрдүүлэх, орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоотойгоор ОНХС-ийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулахад аймаг, сумын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, төслийн хүрээнд хийгдэж буй жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр сумдад гүйцэтгэлд суурилсан урамшууллыг нэмж санхүүжүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна.

Төслийн үр дүнд ОНХС-ийн удирдлага, зохион байгуулалт сайжирч байгаа бөгөөд төслийг ийнхүү дэмжсэнээр  орон нутгийн хөгжлийг дэмжих, төсвийн төвлөрлийг сааруулах, уул уурхайн орлогоос ашиг хүртэх, Монгол орны бүс нутгийн хөгжлийг тогтворжуулахад үр дүнтэй байгаа тул "Тогтвортой амьжиргаа-3” төслийн хөгжлийн нөлөөллийг цаашид тогтвортой байлгахад туслах зорилгоор Дэлхийн банкнаас төслийг одоогийн дуусах огноо болох 2020 оны 10-р сарын 31-ний өдрөөс эхлэн хоёр жилээр сунгаж, нэмэлт 12 сая ам.доллар санхүүжилтийг Дэлхийн банкнаас олгохоор шийдвэрлээд байна. Зээлийн санхүүжилтийг Олон улсын хөгжпийн ассоциациас олгох бөгөөд зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 байх ба зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө 

Харин Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран Улсын онцгой байдлын комиссын коронавирусын халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний стратеги, төлөвлөгөө, Засгийн газрын 78 дугаар тогтоолын хэрэгжилтийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж, бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэн иргэдэд хүргэх, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тусгасан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг боловсруулжээ.

Хуулийн төслийг гишүүдийн олонхи дэмжиж хуулийн төсөл батлагдлаа.