50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр вакцинжуулалтыг хийнэ
2021.04.02

50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр вакцинжуулалтыг хийнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.02\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа. 

АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Доржханд танилцуулав. 

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцож, хэлэлцээрт гарын үсэг зураад байна. Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд манай улс нийт хүн амынхаа 60 хүртэлх хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах, хүчилтөрөгчийн бага оврын станц байгуулах зэрэг цогц ажил өрнүүлэх юм. Үүнээс гадна КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин нь шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учраас эмч, эмнэлгийн ажилтнуудаа чадавхжуулах, сургаж бэлтгэн мэдлэг, мэдээлэл олгох, вакцин хийсний дараа илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, хяналт тавих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулна гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүү жилийн 1.25 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь байх аж. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.6 хувь дэмжиж, батлав.